Жүжигчин, influencer Yoo Hye Won “Heart Signal 4” реалити шоуны оролцогч Kim Ji Min-ийн эсрэг нэр төрд халдсан, худал цуурхал тараасан гэх үндэслэлээр хууль эрх зүйн арга хэмжээ авч эхэлжээ.
Наймдугаар сарын 27-нд Yoo Hye Won-ийн хууль ёсны төлөөлөгч Deryun хуулийн фирмээр дамжуулан албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Өмгөөлөгчийн тайлбарласнаар, сүүлийн үед Yoo Hye Won-ийн хувийн амьдралтай холбоотой баталгаагүй мэдээлэл цахим орчинд үнэн мэтээр тархаж, түүний нэр хүндэд хохирол учруулж байгаа аж.
Шүүхэд хандах болсон шалтгаан нь Kim Ji Min-ийн олон нийтийн сүлжээнд оруулсан нийтлэлтэй холбоотой байна. Зургаадугаар сард тэрээр “дотнын найзууд” жагсаалтад зориулсан нийтлэлдээ Yoo Hye Won-ийг харилцаатай байх үедээ нэгэн алдарт дуучин, продюсероос ивээн тэтгэлэг авсан гэх агуулгатай мэдээлэл нийтэлсэн гэж мэдээлэгджээ.
Yoo Hye Won-ийн тал уг мэдэгдлийг няцааж, хоёр эмэгтэй биечлэн танил биш, ямар нэгэн холбоогүй гэж онцолсон байна. Түүний өмгөөлөгч Kim Ji Min-ийн эсрэг эрүүгийн гомдол гаргах бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс хамааран хохирол нэхэмжлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Мөн хуульчид Kim Ji Min уг мэдээллийг хаанаас авсан, нийтлэхээсээ өмнө үнэн эсэхийг шалгасан эсэх, түүнчлэн цуурхлын анхны эх сурвалж хэн болохыг тогтоохоор ажиллах аж. Yoo Hye Won-ийн төлөөлөгчдийн зүгээс баримтыг зориуд мушгин гуйвуулсан, худал мэдээлэл шинээр нийтэлсэн, түүгээр дамжуулан доромжлол, цахим дайралт хийсэн хүмүүстэй хатуу хуулийн хүрээнд хариуцлага тооцно гэж мэдэгдсэн байна.
Yoo Hye Won нь жүжигчин, influencer гэдгээрээ танигдсан бөгөөд өнгөрсөн жил Mnet-ийн “Couple Palace 2” шоунд оролцож үзэгчдийн анхаарлыг татсан юм.
Харин Kim Ji Min нь “Heart Signal 4” шоуны оролцогч гэдгээрээ олонд танигдсан. Энэ удаагийн хэрэг нь реалити шоуны оролцогчийн хувийн нийтлэлээс эхэлсэн ч одоо нэр төр, худал мэдээлэл, цахим орчны хариуцлагатай холбоотой хууль эрх зүйн маргаан болж өргөжөөд байна.