Нүүр хуудас Фешн ба стиль“Дэлхийн мисс-2026”: Кесар хагалгаанаас сэдэвлэсэн даашинз олныг алмайрууллаа

“Дэлхийн мисс-2026”: Кесар хагалгаанаас сэдэвлэсэн даашинз олныг алмайрууллаа

0 сэтгэгдэлүүд

“Дэлхийн мисс-2026” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Уганда улсыг төлөөлөн оролцож буй Тривиа Элле Мухоза дизайнер Киша Абдаллагийн бүтээсэн “The Layers of Life” (Амьдралын үе шатууд) нэртэй даашинзаар тайзнаа гарч, олны анхаарлыг татлаа. Уг даашинз нь эмэгтэй хүний биеийн анатоми болон төрөх үйл явцыг загварын хэлээр илэрхийлснээрээ онцлог юм.

Дизайнерын санаа ба хүний биеийн 7 үе давхарга

Дизайнер Киша Абдалла саяхан өөрөө ээж болсон бөгөөд төрөх үйл явцыг өндөр зэрэглэлийн загвар (haute couture) болгон хөрвүүлэх сонирхолтой санаа олжээ. Тэрээр: “Төрөх үеийн эмнэлгийн бүтээлгийг өндөр зэрэглэлийн даашинз болгон хувиргах галзуу санаа надад төрсөн” хэмээн ярьсан байна.

Даашинзны концепцийн суурь нь кесар хагалгааны үед зүсэгддэг хүний биеийн 7 үе давхаргад үндэслэжээ. Үүнд:

  1. Арьс
  2. Арьсан доорх өөхөн эд
  3. Фасци (холбогч эд)
  4. Хэвлийн хананы булчин
  5. Хэвлийн гялтан хальс
  6. Умай
  7. Ураг орчмын шингэний уут (амниотик уут)
Дэлхийн мисс

Дизайнер энэхүү анатомийн дарааллыг олон үе давхарга, өөр өөр текстиль болон өнгөний шилжилтээр харуулжээ.

Загварын хийц ба гүн утга учир

Уг даашинзыг сунадаг сатин болон тюль (tulle) материалаар урласан бөгөөд нэг мөр нь задгай асимметрийн тайралттай, урт намирсан хормойтой аж. Өнгөний хувьд зөөлөн тоорын ягаан, алтлаг өнгөнөөс шүрэн ягаан, улаан, бордо болон гүн дарсны өнгө рүү жигд шилжсэн байна. Мөн даашинзны давхаргуудыг сувд, шилэн сувс болон кристаллаар чимэглэж өгжээ.

Энэхүү өнгөний шилжилт нь арьсны өнгө эсвэл арьсны өнгөний ялгааг илэрхийлээгүй, харин шинэ амьдрал бүрэлдэх үйл явцын үе шатуудыг харуулсан гэдгийг дизайнер онцолсон юм. “Амьдралд ямар нэгэн өнгө гэж байхгүй. Амьдрал бол бүх дэлхийн нийтлэг зүйл” хэмээн Киша Абдалла хэлжээ.

Дэлхийн мисс

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх