Нүүр хуудас Фешн ба стильКарл Лагерфельдийн Шупетт муур 200 сая долларын өвөөсөө одоог хүртэл сохор зоос ч аваагүй байна

Карл Лагерфельдийн Шупетт муур 200 сая долларын өвөөсөө одоог хүртэл сохор зоос ч аваагүй байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Түүхэн дэх хамгийн чинээлэг дөрвөн хөлтөн болно гэгдэж байсан алдарт Шупетт муур эзнийгээ нас барснаас хойш 7 жилийн дараа ч гэрээслэгдсэн хөрөнгөө авч чадаагүй хэвээр байна. Загварын ертөнцийн гол тулгуур болох “Chanel”, “Fendi” болон өөрийн нэрийн “Karl Lagerfeld” брэндийг тодорхойлж байсан арт-захирал Карл Лагерфельд 2019 оны хоёрдугаар сарын 19-нд 85 насандаа таалал төгссөн билээ. Түүний араас үлдсэн нийт өв хөрөнгө 200 сая ам.доллароор үнэлэгддэг бөгөөд домогт дизайнер өөрийн хайртай муурандаа тодорхой хувийг нь гэрээслэн үлдээсэн юм.

Сая саяар хэмжигдэх орлоготой “Бирман” үүлдрийн сурталчилгааны од

Шупетт бол зөвхөн тансаг ордны чимэг байсангүй, амьд ахуйдаа эзэндээ ч багагүй хэмжээний санхүүгийн ашиг олж өгдөг байсан бие даасан “од” байв. Түүний загварын болон бизнесийн амжилтаас дурдвал:

  • 2014 онд Японы гоо сайхны алдартай “Shu Uemura” брэндийн нүүр царай болж, сурталчилгаанд тоглосон.
  • 2015 оноос түүний дүр төрх бүхий цүнх, цамцнууд зах зээлд худалдаалагдаж эхэлсэн.
  • Германы алдарт “Steiff” компани Шупеттийг дуурайлган хийсэн тансаг зөөлөн тоглоомыг үйлдвэрлэн борлуулж байв.
Карл Лагерфельдийн Шупетт муур 200 сая долларын өвөөсөө одоог хүртэл сохор зоос ч аваагүй байна

Карл Лагерфельдийн “Миний цорын ганц хайр” хэмээн нэрийддэг байсан Бирман үүлдрийн эл муур өдгөө хувийн блогтой төдийгүй Инстаграм хуудастаа 120 мянга гаруй үнэнч дагагчтай. Хэрэв тэрбээр гэрээслэгдсэн өвөө бүрэн авч чадвал дэлхийн хамгийн баян тэжээвэр амьтан болох бүрэн боломжтой ч өнөөдрийг хүртэл “хүлээн суусаар” хоосон хоцроод байна.

Үнэтэй хуульчид ба Парис дахий амьдрал

Өдгөө 14 нас зооглож буй Шупетт муур Лагерфельдийн гэрийн үйлчлэгч асан Франсуаза Какотын гэр бүлийн хамтаар Парис хотод амьдарч байна. Алдарт дизайнерын гэрээслэлд зааснаар Какот муурыг хариуцан арчилж байгаа бөгөөд тэдний хэн хэн нь 2019 оноос хойш өв хөрөнгөөс ямар нэгэн санхүүжилт огт аваагүй гэдгээ хэвлэлийнхэнд ил тод мэдэгджээ.

Үүсээд буй эрх зүйн гацааг арилгах, гэрээслэгдсэн хөрөнгийг мууранд шилжүүлэн авахын тулд Какотын зүгээс маш өндөр өртөгтэй өмгөөлөгчдийг хөлслөн хуулийн тэмцэл хийж байгаа аж.

“Би илэн далангүй байхыг хүсэж байна. Өнөөдрийн байдлаар муур бид хоёр юу ч аваагүй. Карлын сүүлийн хүсэл, гэрээслэлийг биелүүлэх гэж их үнэтэй хуульчид авахаас өөр аргагүй болсон” хэмээн Франсуаза Какот сэтгүүлчдэд өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх