Ирэх бямба гараг буюу зургаадугаар сарын 21-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа сонгодог урлагийн нэгэн сод бүтээл болох Ж.Вердийн “Макбет” дуурь ганцхан удаа тоглогдохоор болжээ.
Италийн алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердийн энэхүү дуурь нь Уильям Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт жүжгийн нэгийг суурь болгон бичигдсэн бөгөөд түүний хамгийн нэр хүндтэй гурван бүтээлийн нэгт зүй ёсоор тооцогддог. “Макбет” нь эрх мэдэл, дарангуйлал, шунал, ёс суртахуун гэх сэдвүүдийг гүн гүнзгий хөндөж, хайр дурлалын түүхийг орхисон өвөрмөц шийдлээрээ сонгодог урлагт онцгой байр суурь эзэлдэг билээ.
Энэ удаагийн тоглолт нь тус театрын зургаадугаар сарын дуурийн хөтөлбөрийн хаалтын тоглолт болох бөгөөд зөвхөн нэг удаа тайзнаа амилна.
“Макбет” дуурь өмнө нь 2023 онд Монголын үзэгчдэд хүрч байсан бөгөөд тэр үед Италийн удирдаач Стефано Торболи тусгайлан ирж, бүтээлийг толилуулсан нь монголын дуурийн урлагийн түүхэнд тэмдэглэгдэхүйц үйл явдал болж байв. Ингэснээр Итали дуурийг Италийн удирдаачаар удирдуулан Монголын тайзнаа тоглосон ховор тохиолдлын нэг болсон юм.
“Макбет” дуурийн үйл явдлын товчоон
Нэгдүгээр бүлэг:
Макбет болон Банко нар дайнд ялж, нутаг буцах замдаа гурван шулуутай уулзана. Тэд Макбетыг Кавдорын ноён болоод ирээдүйн хаан, Банког хаан биш ч хаадын угсаа гэж зөгнөнө.
Хоёрдугаар бүлэг:
Шулмын зөгнөл Макбетыг түгшээж, Банко болон түүний хүү Флинсээс айх болжээ. Тэрээр Банког хөлсний алуурчдаар алуулж, Флинс зугтдаг.
Гуравдугаар бүлэг:
Макбет ирээдүйгээ мэдэхийн тулд шулмын агуйд дахин очих бөгөөд тэнд гурван аймшигт зөгнөл хүлээн авна.
Дөрөвдүгээр бүлэг:
Макдуф, Мальколм нар Английн цэргүүдийг удирдан Шотландад довтлохоор бэлтгэж, Бирнам ойгоос мөчир тасдан авч, дайсандаа харагдахгүйгээр довтлохоор шийднэ. Энэ бүхэн шулмын зөгнөлийг биелүүлэх эхлэл болдог.
“Макбет” бол дотоодын төдийгүй дэлхийн олон алдарт театрын тайзнаа тоглогдож, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөөр ирсэн цөөн бүтээлийн нэг. Монголын үзэгчид энэ сонгодог бүтээлийг энэ сарын 21-нд ганцхан удаа үзэх боломжтой тул алдалгүй үзэхийг урлагт дурлагсдад зөвлөж байна.