“Pro” театрын уран бүтээлчид Францын нэрт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжгээ үзэгчдийн хүртээл болгохоор дахин тайзнаа гаргах гэж байна.
Тус бүтээлийг аравдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд 19:00 цагаас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд ердөө гурван удаа толилуулах аж.
“Инээмтгий хүн” жүжиг анх 2023 онд үзэгчдэд хүрч байсан бөгөөд уран сайхны шийдэл, найруулга, жүжигчдийн тоглолтоороо театр сонирхогчдын анхаарлыг татсан бүтээл юм.
Тус жүжиг “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг залуу уран бүтээлч, мөн “Шинэ эрин” номинацийн шилдгээр тус тус шалгарч байжээ.
Үүгээр зогсохгүй тухайн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос шилдэг зураач болон шилдэг жүжигчний шагналыг хүртсэн байна.
Ийнхүү хэд хэдэн томоохон шагналын эзэн болсон “Инээмтгий хүн” визуал драм дахин үзэгчидтэй уулзах гэж байгаа бөгөөд энэ удаагийн тоглолт гуравхан өдөр үргэлжлэхээр төлөвлөгджээ.
Тасалбарыг ticket.mn/event/3247 хаягаар авах боломжтой.