“Монгол” театр Америкийн зохиолч Альберт Рамсделл Гернийн “Love Letters” романтик драмыг Монголын үзэгчдэд хүргэх албан ёсны онцгой эрх авчээ. Тус бүтээлийг ирэх арваннэгдүгээр сард тайзнаа тоглохоор бэлтгэж байна.
Театрын мэдээлснээр жүжгийг Монголд тоглох эрхийг авах хэлэлцээ, гэрээний ажил нэг жил орчим үргэлжилсэн бөгөөд зохиогчийн эрх эзэмшигч компанитай тохиролцоонд хүрсэн байна.
Н.Баярмаа, С.Болд-Эрдэнэ нар гол дүрд тоглоно
Хайр дурлал, цаг хугацаа, хүний амьдралын үнэ цэнийг захидлуудаар дамжуулан өгүүлэх уг жүжгийн гол дүрүүдийг “Монгол” театрын үүсгэн байгуулагч, жүжигчин Н.Баярмаа, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ нар бүтээхээр болжээ.
“Монгол” театрынхан энэхүү бүтээлийг албан ёсны эрхтэйгээр урын сандаа оруулж байгаа нь орчин үеийн дэлхийн драмын бүтээлийг зохиогчийн эрхийн хүрээнд Монголын үзэгчдэд хүргэх нэгэн шинэ ажил болж буйг онцолсон байна.
Дэлхийн 50 гаруй улсад тоглогдож байжээ
“Love Letters” жүжиг 1988 онд АНУ-ын Нью-Йорк хотын Офф-Бродвейн тайзнаа анх тавигдсан түүхтэй. Үүнээс хойш дэлхийн 50 гаруй улсад тоглогдож, олон орны театрын урын санд багтсан байна.
Монгол хувилбарын тоглолтын нарийвчилсан тов, тайзны бусад бүрэлдэхүүний мэдээллийг одоогоор зарлаагүй бөгөөд жүжгийг арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгоно.