Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ) нийгмийн хариуцлагын хүрээнд БНСУ-ын “Ж-Арт” хамтлагтай хамтран “Ирээдүй – Бидний оролцоо – Тэнгэр – Од – Салхи” нэртэй тоглолтыг 2025 оны есдүгээр сарын 16-ны өдөр 15:00 цагт тайзнаа толилуулахаар болжээ.
“Ж-Арт” хамтлагийн онцлог
БНСУ-ын “Ж-Арт” нь хөгжлийн бэрхшээлтэй хөгжимчдөөс бүрдсэн хамтлаг бөгөөд тэд урлагаар дамжуулан нийгэмд соёлыг түгээн дэлгэрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр төр, эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
Хөгжмийн найруулагч Жан Э-Рёнг бол мэргэжлийн маримба хөгжимчин бөгөөд 2018 оны Пёнчаны өвлийн Олимпийн хаалтын ёслолд Өмнөд Солонгосын төрийн дууллыг анх удаа тоглосноороо түүхэнд үлдсэн. Тэрээр хамтлагийн гишүүдэд зориулсан хувь хүний онцлогт тохирсон сургалт, дадлагыг тогтмол хийж, тэдний ур чадварыг хөгжүүлж байна.
“Ж-Арт” хамтлаг нь мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг шинэлэг шийдлээр тайзнаа амилуулахын зэрэгцээ projection mapping зэрэг орчин үеийн урлагийн төрлүүдтэй хослуулан тоглолтоо өргөжүүлдэг. Тэдний гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон талт авьяас, боломжийг олон улсын тавцанд сурталчлах явдал юм.
Хамтарсан тоглолтын оролцогчид
Энэхүү тоглолтод УДБЭТ-ын уран бүтээлчид, Монгол Улсын Филармонийн “Баян Монгол” чуулга, СУИС-ийн багш, оюутнууд оролцоно. Харин БНСУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Соёл, урлагийн төвөөс “Ж-Арт” хамтлагийг ивээн тэтгэж, тоглолтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Түүнчлэн уг арга хэмжээг Нийслэлийн Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Дауны Холбоо, Дэлхийн миссийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.