Казахстан улсад зохион байгуулагдаж буй “Silk Way Star” олон улсын дуу хөгжмийн шоу уралдаанд Монгол Улсыг төлөөлөн дуучин Ж.Мишээл оролцож байна. Энэхүү уралдаан нь Торгоны замын дагуух 12 орны авьяастнуудыг нэг дор цуглуулсан, нэр хүндтэй тэмцээн юм.
Үндэсний дуугаараа үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөв
Тэмцээний эхний шатанд оролцогчид өөрсдийн үндэсний дуугаар өрсөлдөх даалгавартай байсан бөгөөд дуучин Ж.Мишээл “Бундан улаан” хэмээх ардын дууг тун уран сайхан дуулж, шүүгчдийн таашаалд нийцжээ. Түүнийг шүүх бүрэлдэхүүнд багтсан Узбекистан, Армен, БНХАУ, Азербайжан, Казахстан, Туркменистан, Тажикистан, Малайз, Кыргызстан улсын төлөөлөгчид бүгдээрээ дээд оноо буюу 10 оноогоор үнэлсэн байна.
Шилдэг дуунуудаар өрсөлдөөн үргэлжилж байна
Хоёрдугаар шатанд уралдаанд оролцогчид өөрсдийн орны болон гадаадын хит дуунуудыг амьд хөгжимтэйгөөр толилуулсан бөгөөд Ж.Мишээл дахин үзэгчдээс өндөр хандалт авчээ.
Финалын шоу арваннэгдүгээр сард
“Silk Way Star” шоуг Казахстаны “Jibek Joly” телевиз долоо хоног бүрийн бямба гарагт цацаж байгаа бөгөөд финалын шат 2025 оны арваннэгдүгээр сарын 22-нд зохион байгуулагдаж, ялагчийг тодруулах юм.
Уралдаанд оролцож буй 12 орон:
- Монгол
- Казахстан
- Азербайжан
- Армен
- Гүрж
- БНХАУ
- Кыргызстан
- Тажикстан
- Туркменистан
- Узбекистан
- Малайз
- БНСУ
Ж.Мишээлийн уран бүтээл, ур чадвар дэлхийн тавцанд үнэлэгдэж байгаа нь Монголын урлаг соёлын салбарын хувьд бахархалтай үйл явдал болж байна.
2 сэтгэгдэлүүд
Манай уран бүтээлчид олон улсад нэрээ гаргаж байгаад баяртай байна
Гоё хоолойтой, авьяаслаг дуучин шүү