Дэлхийн сонгодог бүтээлийг монгол уран бүтээлчид тайзнаа амилуулна
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд дэлхийн алдарт хошин дуурь Ж. Россиний “Севилийн үсчин” дахин тоглогдох гэж байна. Энэхүү бүтээлийн бэлтгэлд Италийн нэрт найруулагч Энрико Стинчелли оролцжээ.
Италийн нэрт найруулагчийн үнэлгээ
Ром хотын урлагийн орчинд өссөн Энрико Стинчелли нь Италийн үндэсний радио Radio Tre-гийн алдарт “La Barraccia” нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч юм. Тэрээр “Тоска”, “Федора”, “Аида”, “Кармен”, “Риголетто”, “Травиата” зэрэг дуурьт гайхалтай найруулгаар ажилласан туршлагатай.
Тэрбээр Монголын дуурийн уран бүтээлчдийн ур чадварыг өндрөөр үнэлж,
“Монгол дуу хоолой дэлхийд амжилт гаргаж байгаа нь санамсаргүй зүйл биш. Монголын театрын дуучид Россинигийн хөгжимт амьсгал авч, хошин дүрийг гайхалтай илэрхийлсэн”
хэмээн онцолжээ.
Россинигийн хөгжим ба орчин үеийн дүр төрх
Энрико Стинчеллигийн хэлснээр Россинигийн хошин дуурь нь хурц, тод илэрхийлэлтэй бөгөөд өнөөгийн хурдацтай хөгжиж буй нийгмийг тод харуулдаг. Харин Пуччинигийн “Богема” нь драматик болон ярианы дуулалтаар ялгардаг гэнэ.
Монгол уран бүтээлчид гол дүр бүтээнэ
Ж. Россинигийн алдарт “Севилийн үсчин” дуурийг Удирдаач Т.Юндэн удирдах бөгөөд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучид гол дүрүүдийг бүтээх юм.
Тоглолтын хуваарь
Тоглолт арваннэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд 17:00 цагаас УДБЭТ-ийн тайзнаа болно.