Шагналт визуал драм дахин үзэгчтэй золгож байна
“Pro” театрын уран бүтээлчид Францын суу алдарт зохиолч Виктор Хюгогийн нэрт “Инээмтгий хүн” романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт визуал драмын жүжгээ энэ сарын сүүлээр дахин тайзнаа амилуулна. Жүжгийг арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 19:00 цагаас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн тайзнаа ердөө гурван удаа тоглох тул урьд нь амжаагүй үзэгчдэд ховорхон боломж нээгдээд байна.
2023 онд үзэгчдийн хүртээл болсон цагаасаа хойш энэхүү уран бүтээл нь дүрслэл, хөгжим, драмын хэлбэрийг шинэлэг байдлаар хослуулсан, монгол тайзны урлагийн орчин үеийн томоохон туршилтуудын нэг гэж үнэлэгдэж буй. Визуал драмын хэлбэрээр хүний дотоод шарх, нүүрэн дээрх инээмсэглэл ба доторх зовлонгийн зөрчлийг тайзнаа хүчтэй мэдрүүлж чадсанаараа тэр үедээ олон хүний сэтгэлд хоногшсон билээ.
“Инээмтгий хүн”-ий олон улсын ба дотоодын амжилт
“Инээмтгий хүн” жүжиг нь зөвхөн дотоодын үзэгчдээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй олон улсын хэмжээнд өөрийгөө баталж чадсан. “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас тус бүтээл шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг залуу уран бүтээлч, “Шинэ эрин” зэрэг нэр хүндтэй номинацуудад шалгарч, шагнал хүртсэн нь монгол тайзны урлагийн чансааг илтгэсэн үйл явдал болсон.
Мөн тухайн жилийн соёл, урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос “Инээмтгий хүн” жүжиг шилдэг зураач, шилдэг жүжигчний шагналыг хүртэж, дүрслэлийн шийдэл, жүжигчдийн тоглолт ямар өндөр түвшинд байсныг дахин баталсан юм. Ийм олны танил, шагналт бүтээл ердөө гурван орой тоглох гэж буй нь жүжгийн тасалбарыг улам эрэлттэй болгож байна.
Жүжгийн тасалбарыг Ticket.mn цахим системээр худалдаалж байгаа бөгөөд суудлын эзлэх байдал, танхимын сонголт, цагийн мэдээллийг мөн тэндээс нэг дор авах боломжтой.
“Сүүлчийн бороо” – найз нөхөр, хайр, дотоод зөрчлийн тухай шинэ мета драм
“Pro” театрын уран бүтээлчид зөвхөн “Инээмтгий хүн”-ээр зогсохгүй, орчин үеийн драматурги, мета театрын хэлбэрийг хослуулсан шинэ бүтээлээ үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна. Оросын нэрт зохиолч Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг суурь болгон “Сүүлчийн бороо” нэртэй мета драмын жүжиг болгон хөрвүүлсэн нь энэ амралтын өдрүүдийн соёлын гол үйл явдлын нэг болох төлөвтэй.
“Сүүлчийн бороо” жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэлийн эмзэг холбоо, хувь хүний дотоод зөрчил, амьдралын утга учир, үнэ цэнийг орчин үеийн хотын амьдрал, залуу үеийн өнцгөөс харуулна. Жүжгийг найруулагч Б.Анхбаатар найруулж, тайзан дээр З.Булган, Б.Билгүүн, Б.Даваасүрэн, М.Лхагва, Э.Буд-Эрдэнэ, Э.Сүмбэ, Г.Анузул, Д.Цолмон, Т.Тэгш-Алдар нар дүр бүтээж байна.
“Сүүлчийн бороо” жүжиг арваннэгдүгээр сарын 21, 22, 23-ны өдрүүдэд үзэгчдийн уулзалтад гарч, залуу үеийнхний сэтгэлийн зөрчил, алдаа, уучлал, өөрийгөө нээх гэсэн тэмүүллийг тайзан дээр энгийн атлаа хурц, бодит мэдрэмжээр илэрхийлэх зорилготой. Энэ жүжгийн тасалбар мөн Ticket.mn сайтаар худалдаалагдаж байна.