Зохиолч, яруу найрагч Ороолонгийн Элбэгтөгс театрын урлагт өөрийн бие даасан орон зайг бий болгож, “Гурван сүүдрийн театр” нэртэй шинэ театр байгуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Анхны уран бүтээл – “Хөх тойрог” экзистенциалист драм
Шинэ театрынхаа нээлтийн уран бүтээлээр “Гурван сүүдрийн театр” нь зохиолч Б.Сүнжидмаагийн “Хөх тойрог” нэртэй экзистенциалист драмын жүжгийг сонгон тавихаар болсон байна. Уг жүжгийг арваннэгдүгээр сарын 28, 29-нд Төмөр замын чуулга “Ган зам” паласт тоглож, үзэгчдийн өмнө театрынхаа албан ёсны нээлтийг хийхээр төлөвлөжээ.
Жүжгийн ерөнхий найруулагчаар И.Оюун-Эрдэнэ ажиллаж, гол дүрүүдийг залуу жүжигчид болох Б.Чинбат, О.Хулан нар бүтээх нь театрын шинэ салхийг илэрхийлж байна.
Театрын зорилго: мартагдсан зохиолыг сэргээж, шинэ дуу хоолойг тайзанд гаргана
“Гурван сүүдрийн театр”-ыг санаачлан байгуулсан О.Элбэгтөгс шинэ театраа танилцуулахдаа дараах байр суурийг илэрхийлжээ:
“Миний бие олон жилийн өмнөөс бодож, бүтээхийг зорьж явсан театраа байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Манай театр нь орчин үеийн соёл, сэтгэлгээ, амьдралын хэв маягт суурилсан үзэл санаа бүхнийг дэмжин ажиллахын хажуугаар Монголын театрын урлагийн түүхийг эргэн харж, мартагдсан, олон нийтэд түгэн дэлгэрээгүй зохиол бүтээлүүдийг сэргээн тоглох, олж нээх зорилготой юм. Мөн жүжгийн зохиолын эрэлд бидэн яваа, бүтээхүйн их хүслэнд автан суугаа авьяаслаг зохиолчдыг дэмжин тэтгэх, зохиол бүтээлийг нь тайзнаа амилах боломж олгох, урьд өмнө нь монгол хэлнээ орчуулагдаж олон нийтийн хүртээл болж байгаагүй, шинэлэг, өвөрмөц драмын бүтээлүүдийг орчуулан түгээж, тайзнаа жүжиг болгон тавих ажлуудыг урын сангийнхаа бодлогод тусгаад байна, Эрхэм үзэгч, найз нөхөд, ахан дүүс, танил нөхөд, драмын урлагт хайртай та бүхэн 2025 оны арваннэгдүгээр сарын 28, 29-нд үүд хаалгаа нээж, үзэмжит хөшгөө дэлгэх “Гурван сүүдрийн театр”-ын нээлтийн уран бүтээл “Хөх тойрог” жүжгийг үзэхийг урьж байна”
Түүний хэлснээр, театр нь:
- Орчин цагийн үзэл санаа, амьдралын хэв маягийг илэрхийлсэн жүжгийг дэмжихийн зэрэгцээ
- Монголын театрын түүхэнд мартагдсан эсвэл олон нийтэд түгээд амжаагүй зохиол бүтээлүүдийг дахин тайзнаа амилуулах,
- Шинэ үеийн авьяаслаг зохиолчдын бүтээлийг анхдагч байдлаар тавьж, шинэ дуу хоолойг олонд хүргэх,
- Монгол хэлнээ орчуулагдаж байгаагүй өвөрмөц, шинэлэг драмын бүтээлийг тайзны жүжиг болгон тавих зорилготой байна.
“Хөх тойрог” – шинэ театрын эхний алхам
“Гурван сүүдрийн театр” анхны уран бүтээлээрээ экзистенциалист өнгө аястай, дотоод ертөнц, амьдралын утга учрыг эргэцүүлэх “Хөх тойрог” жүжгийг сонгосноороо уран бүтээлийн чиглэл, өнгө аяс, бодлогынхоо эхлэлийг харуулж байна.
Шинэ театрын нээлтийн тоглолтод орчин үеийн сэтгэлгээ, уран дүр, шинэ үеийн жүжигчид, шинэлэг найруулга зэрэг элемент нэгдэж, драмын урлагт өөр өнгө нэмнэ гэж найдаж байна.