Симфони найрал хөгжим хоёр өдөр дараалан бүрэн хэмжээний тоглолтоо хүргэлээ
Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театрын симфони оркестр киноны хөгжмүүдээс бүрдсэн бүрэн хэмжээний тоглолтоо хоёр өдрийн турш танхим дүүрэн үзэгчтэйгээр тоглолоо.
Сонгодог урлагийн боловсрол, сурталчилгааг дэмждэг уламжлал үргэлжилэв
Тус театрын уран бүтээлчид иргэд, олон нийтийн сонгодог урлагийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх, сонгодог хөгжмийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр шинэ тоглолт үзэгчдэд хүргэдэг уламжлалтай. Энэ удаагийн концертод оркестр найруулгын удирдлагын дор Н.Жанцанноров, Б.Шарав, Г.Бирваа, З.Хангал нарын шилдэг бүтээлүүдийг сонгож, мөн дэлхийн киноны хөгжмийн нэрт зохиолч Жон Уильямс, Ханс Циммер, Эннио Морриконе нарын бүтээлүүдийг эгшиглүүлсэн байна.
УГЗ А.Цэдэн-Иш урилгаар ирж Монгол киноны хөгжмийг удирдан тоглуулжээ
Тоглолтын онцлох хэсэг нь урилгаар хүрэлцэн ирсэн хөгжим судлаач, удирдаач УГЗ А.Цэдэн-Иш байлаа. Тэр “Мандухай сэцэн хатан”, “Тань руу нүүж явна”, “Нийслэл хүү” зэрэг Монголын уран сайхны киноны хөгжмийг удирдан тоглуулж, үзэгчдийн сонорыг мялаасан байна.
Дорнодоос суралцаж буй бяцхан хөгжимчид тоглолтод оролцов
Мөн Монгол Улсын Консерваторид Дорнод аймгаас суралцаж буй бяцхан хөгжимчид энэхүү тоглолтод оролцсон нь онцгой дүр зураг нэмлээ. Тэд ирээдүйд МУАЖ Ваандангийн Боролдой агсны үүсгэн байгуулсан, орон нутаг дахь цорын ганц симфони найрал хөгжмийн уламжлал, түүхийг үргэлжлүүлэхээр ийнхүү бэлтгэгдэж буйг зохион байгуулагчид онцолжээ.
Оркестрын түүхэн өв, ой, өнөөгийн уран бүтээлийн хүрээ
В.Боролдой агсан 1978 онд өөрийн байгуулсан оркестртоо зориулан “Цэнхэр дурдан алчуур” нэртэй гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт бүжгийн жүжгийн хөгжмийг анх тайзнаа тоглуулж байсан түүхтэй. Хоёр жилийн дараа Хөгжимт драмын театрын симфони оркестрын 50 жилийн ой тохиох бөгөөд одоогоор тус оркестр өөрийн болон дэлхийн сонгодог нийт 20 шахам хөгжмийн бүтээлээс түүвэрлэн тоглож байна.