aespa хамтлагийн гишүүн Ningning шууд эфирийн үеэр гадаад төрхийг нь шүүмжилсэн сэтгэгдэлд тайван бөгөөд өөртөө итгэлтэй хариу өгч, олон нийтийн анхаарлыг татлаа. Түүний энэ хандлага цахим хэрэглэгчдийн дэмжлэгийг өргөн хүрээнд авчээ.
Тэрээр Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан ямар нэгэн нүүр будалтгүйгээр шууд эфир хийж, энгийн, дулаан уур амьсгалд фенүүдтэйгээ харилцсан байна. Энэ нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх санааг илэрхийлэх зорилготой байжээ.
Эфирийн үеэр нэгэн хэрэглэгч “Чи муухай харагдаж байна” гэж сэтгэгдэл үлдээхэд Ningning:
“Тэгээд яах вэ, би ийм л харагддаг.”
гэж инээмсэглэн хариулсан байна.
Тэрээр үргэлжлүүлэн:
“Би өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай ярьж байхад та нар ‘муухай’ гэж бичиж байна. Энэ үнэхээр инээдтэй.”
Мөн:
“Хэн нэгнийг муухай гэж хэлэх нь огт зөв зүйл биш.”
гэж онцолжээ.
Цаашид тэр хүмүүсийн гадаад төрх өөр өөр байдгийг дурдан:
“Бүх хүн өөр өөр харагддаг. Энэ нь таны таашаалд нийцэхгүй байж болно. Гэхдээ ‘чи муухай’ гэж бичихийн оронд дахиад нэг дуу сонссон нь дээр.”
гэж хэлсэн байна.
Тэр өөрийн дотоод хандлагын талаар:
“Би харагдаж байгаагаасаа илүү хүчтэй. Би гэр бүл, найз нөхөд, фенүүд болон хөгжимдөө төвлөрдөг учраас ийм үгэнд нэг их анхаардаггүй.”
гэж нэмж хэлжээ.
Мөн жин болон гоо сайхны стандартад хандах нийгмийн дарамтын талаар:
“Чи хэдэн кг жинтэй байх нь ямар хамаатай вэ? Та нар зүгээр л аз жаргалтай байгаасай. Дуртай зүйлээ идэж, аялж, аз жаргалтай амьдар.”
гэж онцолсон байна.
Ningning-ийн энэ байр суурь цахим орчинд эерэг хариу авч, олон хүн түүнийг ийм нөхцөлд зөв хандсан гэж үнэлжээ.
Үүний зэрэгцээ aespa хамтлаг шинэ уран бүтээлдээ бэлтгэж байгаа бөгөөд хоёр дахь бүрэн хэмжээний цомгоо энэ оны тавдугаар сард гаргахаар төлөвлөж байна.