Ардын жүжигчин С.Жавхлан хүндэтгэлийн найран дээрээ МУГЖ Т.Баясгаланд албан ёсоор гэрлэх санал тавьж, сүйн бөгжөө бэлэглэн сүй тавьснаа зарлалаа. Тэрээр “Цайг минь чанаач, Өрхийг минь татаач” хэмээн сэтгэлээ илэрхийлж, хайртай бүсгүйдээ хамтын амьдралын замаа эхлүүлэх ерөөл өргөн барив.
Сүй тавихаас хэдхэн мөчийн өмнө дуучин Т.Баясгалан “Зөвхөн чамдаа” дуугаа С.Жавхланд зориулан дуулж, хоёр уран бүтээлчийн онцгой дурсамжийг дахин ундаргасан юм. Оюутан ахуй цагтаа хамтран дуулж, үерхэж явсан ч тус тусдаа гэр бүл зохиож, тэдний аль аль нь өмнөх амьдралдаа бүтэлгүйтээд байсан нь олонд ил болсон билээ.
Харин нийтийн дууны урлагт шинэ амьдрал, өөр намтраа бичилцэж явсан эдгээр алдартай дуучид албан ёсоор хамтын амьдралаа эхлүүлэх болсноо олон нийтэд зарласан нь олон хүний талархал, баярыг нэгтгэж байна.