Гэрлэлтдээ “удаан хугацаанд аз жаргалгүй” байсан гэх эх сурвалжууд
Инфлюэнсер, бизнес эрхлэгч Бианка Цензори Канье Вест нөхөн сэргээх эмчилгээнд орохоос өмнө гэрлэлтээ цуцлуулахыг хэд хэдэн удаа оролдсон талаар олон эх сурвалж People сэтгүүлд мэдээлснийг орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 30-нд дамжуулжээ.
Эдгээр эх сурвалжийн хэлснээр Цензори “гэрлэлтдээ хэсэг хугацаанд маш их аз жаргалгүй байсан” бөгөөд “сүүлийн саруудад харилцаагаа дуусгахыг удаа дараа оролдсон” гэжээ. Зөрчил, үл ойлголцол нь Вест нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхийн өмнө аль хэдийн хуримтлагдаж эхэлсэн бөгөөд эмчилгээний дараа ч бүрэн тайлагдаагүй хэвээр байсан талаар мэдээлсэн.
“Энэ циркийн нэг хэсэг байхыг хүсээгүй”
Page Six-ийн өмнөх мэдээллээр хосууд өнгөрсөн оны хоёрдугаар сард салалтын процессоо эхлүүлсэн гэж тэмдэглэж байв. Тухайн үед нэгэн ойрын хүн “Тэр энэ ‘цирк’-ийн нэг хэсэг байхыг хүсээгүй” хэмээн ярьж, Вестийн дуулиант үйлдлүүдийг гол шалтгаанд тооцсон байдаг.
Тэдгээрийн дотор нацистын бэлгэдэлтэй (свастиктай) футболк худалдаалсан, Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр албадлагатай холбоотой хэргийн яриа зэргийг дурдсан. Иймэрхүү тасралтгүй маргаан, шүүмжлэл Цензорид сэтгэлзүйн хувьд хүнд дарамт болж, харилцаанаас татгалзах бодлыг улам лавшруулсан гэж мэдээлжээ.
Нүцгэн даашинз, “нүцгэн хувцаслахыг” шаардсан гэх Канье Вест
67 дахь Грэммийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолд Цензори бараг бүрэн нүцгэн харагдах тунгалаг даавуун хувцастай гарч ирсэн нь олон нийтийн дунд шок, маргаан дэгдээсэн. Эхэндээ тэр хар үслэг дээл нөмөрсөн байсан ч удалгүй тайлж, нимгэн, нэвт харагдах даавуунаас өөр зүйлгүй байдалтай үлдсэн нь камер, хэвлэлийн бүх анхаарлыг өөр дээр нь төвлөрүүлсэн.
Түүний үсийг арагш нь гөлгөр болгон татаж, нүүр будалтыг даруухан хийсэн нь бүх анхаарлыг биеийн нүцгэн хэлбэр дээр төвлөрүүлэх үр дүн гаргасан.
Вестэд ойр эх сурвалж Нью-Йорк Постод “энэ төрлийн ‘нүцгэн’ хувцаслалт нь Канье өөрөө шаардаж, түлхэж байсан зүйл” хэмээн ярьжээ. Тэр эх сурвалж “Бианка үнэндээ илүү энгийн, хөөрхөн даашинз өмсөхийг хүсэж байсан. Хэрвээ тэгсэн бол тэр үдэш өөрөө ч илүү тухтай, аз жаргалтай байх байсан” гэж нэмж дурдсан байдаг.
Зарим фен, ажиглагчид Цензоригийн хэт өдөөн хатгасан стилүүдийг “өөрийн сонголт гэхээсээ илүү нөхрийнх нь диктэт” гэж харж, түүний эрх чөлөө, аюулгүй байдлын талаар санаа зовж байгаагаа ил илэрхийлсээр ирсэн. Вестэд ойр нэгэн хүн “Бианка бүх биеэ ийнхүү ил гаргахад үнэндээ их санаа зовж байсан, нүцгэн даашинзыг нь хэд хэдэн удаа няцааж оролдсон ч эцэст нь ухарсан” хэмээн ярьжээ.
Канье Вест харин олон нийтийн сүлжээнд “Тодорхой хэлбэл, 2025 оны 2-р сарын 4-нд миний эхнэр дэлхий дээрх хамгийн их Google-д хайгдсан хүн байсан” гэж бичсэн нь нүцгэн загварынх нь дагуулсан анхаарлыг эерэг “үр дүн” мэтээр хүлээн авсныг харуулсан.
“BIANCA”, “Тэр зугтав” дуу, сэтгэцийн эрүүл мэнд, нөхөн сэргээх эмчилгээ
Салалтын тухай яриа тогтмол гарах болсон ч хосууд албан ёсоор салалтаа баталгаажуулаагүй, зарим үед ташаа мэдээлэл хэмээн үгүйсгэж ирсэн. Гэсэн ч 2025 оны дөрөвдүгээр сард Вест “BIANCA” нэртэй дуу гаргаж, “Тэр зугтав” гэсэн мөрөөр нь дахин шуугиан дагууллаа.
Дууны үгэнд байршлын хяналт, түгшүүр, сандрал, хяналтаа алдах тухай эмзэг дүрслэлүүд орсон нь олон хүний зүгээс “хэт хувийн, түгшүүртэй үг” гэх шүүмжлэл дагуулсан. Вест дараа нь нэгэн ярилцлагадаа мансууруулах бодисын тохируулга, хоёр туйлт эмгэгийн сэдрэлтэй холбоотойгоор “зохих ёсны эмчилгээ аваагүй үедээ амьдралынхаа хамгийн доод цэгт хүрсэн” тухайгаа ярьж, Швейцарийн нөхөн сэргээх төвд очсон шалтгаанаа тайлбарласан.
Энэ үеэр Цензори нөхөр нь тогтвортой байдал, эмчилгээний зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрч, эмчилгээг дэмжсэн гэж эх сурвалжууд хэлж байна.
Харилцааны одоогийн байдал: бүр мөсөн салаагүй, “ажиглах” шатанд
Хэдий ийм маргаантай нөхцөл байдал үргэлжилж, салалтын тухай мэдээлэл тасраагүй ч хос хоёрын холбоо бүр мөсөн тасраагүй бололтой. Өнгөрсөн долоо хоногт тэд Лос Анжелес хотод кино үзэж буйгаар хамт харагдсан нь “эргэн нийлэв үү?” гэх таамгийг дахин өдөөсөн.
Ойрын эх сурвалж “Тэд бие биенээсээ бүрэн татгалзахад бэлэн болоогүй байна” хэмээн тайлбарлаад, “Одоогоор нөхцөл байдал, өөрсдийн мэдрэмжийг ажиглаж, цааш яахаа тодорхойлж буй ‘завсрын’ шатандаа явж байна” гэж нэмжээ.
Канье Вест, Бианка Цензори нар 2022 оны арванхоёрдугаар сард гэрлэсэн. Вест экс эхнэр Ким Кардашьянаасаа төрсөн дөрвөн хүүхэдтэй. Харин Цензори өдөөн хатгасан, хил давсан гэж үнэлэгддэг хувцаслалт, олон нийтийн өмнө гарч ирдэг хэв маягаараа үргэлж хэлэлцүүлгийн төвд байсаар байгаа бөгөөд хосуудын цаашдын харилцаа, хамтын амьдралын чиглэл сонирхлын өндөр төвшинд үлдэж байна.