АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй 68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслол энэ жилийн хамгийн их яригдаж буй мөчүүдийн нэг болж байна. Уран бүтээлч бүр хувцаслалтаараа анхаарал татахыг хичээдэг билээ. Харин интернэт орчинд хамгийн их шуугиулж буй дүр төрх Чаппелл Роных боллоо.
Өнгөрсөн жил “The Subway” дуугаараа хүчтэй гарч ирсэн Чаппелл Ронэ энэ жил Грэммийн хоёр том ангилалд нэр дэвшиж байна. Тэрээр “Шилдэг поп соло үзүүлбэр” болон “Оны шилдэг дуу” гэсэн төрөлд нэр дэвшсэн нь түүн рүү чиглэх анхаарлыг улам нэмэгдүүлэв.
Улаан хивсэн дээр гарч ирэхдээ тэр дарсны өнгөт, гүн улаан даашинз сонгож, энэ үдшийн хамгийн зоримог, эрс шийдэмгий хувцаслалтуудын нэгийг бүрдүүллээ. Бие барьсан эсгүүр, хурц өнгө, тайралт нь түүний тайзны дүр төрхтэй гайхалтай зохицож, зурагчдын камерыг тасралтгүй ажиллуулсан. Үүн дээр нь тод улаан өнгөөр будсан үсээ сүлжиж, нэгэн зэрэг задгай урсгасан хэв маяг нэмэгдсэнээр түүний дүр төрхийг улаан хивсний гол “ярианы сэдэв” болгож байна.
Цахим сүлжээнд үзэгчид түүний дүр төрхийг Грэммийн улаан хивсний энэ жилийн хамгийн дуулиант, эрс шийдэмгий сонголтуудын нэг хэмээн нэрлэж, “The Subway” дууны хэмнэл, мэдрэмжтэй нь хүртэл жишиж, уран бүтээлчийн өөрийгөө илэрхийлэх арга барилтай нь холбон ярьж байна. Хэн шагнал авах нь хараахан тодорхойгүй ч улаан хивсэн дээрх мартагдашгүй дүр төрхөөрөө Чаппелл Ронэ аль хэдийн энэ үдшийн гол ярианы баатруудын нэг болж амжив.

