Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесColdplay-н тоглолтын бичлэгээс эхэлсэн дуулиан: Кристин Кабот ажил олдохгүй байна

Coldplay-н тоглолтын бичлэгээс эхэлсэн дуулиан: Кристин Кабот ажил олдохгүй байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Том дэлгэцийн нэг агшин цахим орчны “шүүлт”-ийг эхлүүлэв

“Coldplay” хамтлагийн тоглолтын үеэр том дэлгэц дээр даргатайгаа тэврэлдэж буй агшин нь цахим орчинд тархсаны дараа “Astronomer” компанийн Хүний нөөцийн албаны захирал Кристин Кабот “Дарамт, доромжлол огт тасраагүй” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр энэ хэрэг явдлын дараа анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ.

Долоодугаар сарын тоглолт дээрх бичлэг хэрхэн маргаан дэгдээв

Өнгөрсөн долоодугаар сард болсон “Coldplay” хамтлагийн тоглолтын үеэр Astronomer компанийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Энди Байроныг тэврэн зогсож байгаад камер тусах үед гэнэт бөхийж, нуугдсан бичлэг олны шүүмжлэлд өртөж, тэдний гэр бүлээс гадуурх харилцааг ил болгосон гэж мэдээлжээ.

Кабот 53 настай бөгөөд тухайн үед тус компанийн хүний нөөц, соёл хариуцсан захирал (chief people officer) ажилтай байсан байна. Харин гүйцэтгэх захирал Байрон албан тушаалаасаа огцорсны дараа Кабот мөн албан тушаалаасаа буужээ.

“Ажилд авах боломжгүй” гэх хариу сонсож буйгаа хэлэв

Кристин Кабот “The Times” сонинд өгсөн ярилцлагадаа шинэ ажил хайж байгаа ч “Ажилд авах боломжгүй” гэсэн хариу авч байгаагаа ярьсан байна. “Би мийм болсон. Хүний нөөцийн салбарын түүхэн дэх хамгийн их үзэн ядагдсан хүний нөөцийн менежер боллоо” гэж тэр хэлжээ. Кабот тухайн үед нөхрөөсөө салсан байсан бөгөөд нөхөр нь мөн тоглолт дээр хамт байсныг дурдсан байна.

Харилцааны талаар байр сууриа илэрхийлж, уучлал  хүсэв

Тэрээр “New York Times” сонинд өгсөн өөр нэг ярилцлагадаа Байронтой бэлгийн харилцаатай байгаагүй, тэр оройноос өмнө үнсэлцэж ч байгаагүй гэдгээ онцолсон ч даргадаа “сэтгэлтэй” байснаа хүлээн зөвшөөрчээ. “Би буруу шийдвэр гаргасан. Даргатайгаа зохисгүй бүжиглэж, зохисгүй авирласан. Үүнийхээ хариуцлагыг хүлээж, карьераа золиосолсон” гэж тэр хэлсэн байна.

Яагаад одоо дуугарч байгаагаа тайлбарлахдаа, “Тэр явдлын нөлөө дуусаагүй. Миний хүүхдүүдийн хувьд ч дуусаагүй. Дарамт, доромжлол хэзээ ч зогсоогүй” гэжээ. Түүний хоёр хүүхэд ээжээрээ сургуулиас тосуулахаас, спортын тэмцээн уралдаанд оролцохоос ичдэг болсон бөгөөд “Тэд надад уурлаж байгаа. Насан туршдаа ч уурлаж магадгүй. Би үүнийг нь хүлээн зөвшөөрнө” гэж Кабот хэлжээ.

“Дайралтын ихэнхийг би ганцаараа авсан” гэж үзжээ

Кристин Кабот энэхүү дуулианы дараа гүйцэтгэх захирал асан Байрон өөртэй нь адил хэмжээний доромжлолд өртсөн эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. “Эмэгтэй хүн учраас л би ихэнх дайралтыг өөр дээрээ авсан. Намайг албан тушаал ахихын тулд даргатайгаа учир ургуулсан гэх мэтээр хэлж байсан. Энэ бүх шүүмжлэл бодит байдлаас тэс ондоо. Би амьдралынхаа турш ийм ойлголтыг үгүйсгэх гэж хичээж ирсэн. Гэтэл яг тэр зүйлдээ буруутгагдсан” гэж тэр ярьжээ.

Дуулиан оргил үедээ хүрэхэд түүний гадаад төрх, бие галбир, царай, хувцсыг хүртэл олон нийт шинжин шүүмжилж, Вүүпи Голдберг зэрэг хүмүүс хүртэл шоглосон тухай дурдагдсан байна.

Заналхийлэл, doxxing, өдөрт хэдэн зуун дуудлага

Крис Мартины хуучин эхнэр Гвинет Пэлтроу ч Astronomer компанид зориулсан хошигнол маягийн сурталчилгааны бичлэгт оролцсон гэх мэдээлэл гарчээ. Кабот “New York Times”-д ярилцлага өгөхдөө уг явдлын дараа заналхийлсэн зурвасууд авсан, түүний дотор: “Чи хаана дэлгүүр хэсдгийг мэднэ. Би чам дээр очно” гэж бичсэн хүн байсан тухай хэлсэн байна. “Хүүхдүүд маань намайг, бас өөрсдийгөө хэн нэгний гарт үхнэ гэж айж байсан” гэж тэр хэлжээ.

Түүний ярьснаар хамгийн хэрцгий шүүмжлэл эмэгтэйчүүдээс ирсэн бөгөөд нүүр тулсан дээрэлхэлт, ихэнх утас, мессежнүүдийг эмэгтэйчүүд илгээжээ. Хувийн мэдээллийг нь интернэтэд задруулж (doxxing), хэдэн долоо хоногийн турш өдөрт 600 хүртэлх дуудлага ирж байсан гэж “New York Times” мэдээлсэн байна. Мөн гэрийнх нь гадаа папараццинууд бөөгнөрч, 50–60 удаагийн амь насанд нь заналхийлсэн мессеж хүлээн авсан гэжээ.

Байдал аажмаар тогтворжсон ч Байрон чимээгүй байна

Хожим нь нөхцөл байдал бага багаар дээрдэж эхэлсэн гэж Кабот ярьжээ. Тэр хүүхдүүддээ сэтгэлзүйч олж өгсөн бөгөөд өөрөө ч гадагш гарч, теннис тоглох болсон байна. Кабот болон Байрон хоёр хэсэг хугацаанд холбоотой байсан ч “Бие биетэйгээ ярьсаар байх нь цааш явах, эдгэрэхэд саад болно” гэж үзэн холбоогоо бүрэн тасалсан гэжээ.

Харин Энди Байрон одоогоор олны өмнө тайлбар хийгээгүй байна. Тоглолтын дараа түүний нэр дээр “Coldplay”-ийн дууны үг орсон хуурамч мэдэгдэл цахим орчинд тархсан гэж мэдээлжээ.

Компанийн мэдэгдэл: ёс зүй, хариуцлагын жишиг

Энэ явдлын талаар тэдний ажиллаж байсан компани мэдэгдэл гаргаж, “Astronomer нь үүсгэн байгуулагдсан цагаасаа баримталж ирсэн үнэт зүйл, соёлоороо бахархдаг. Манай удирдлагууд зан төлөв, хариуцлагын жишиг тогтоох ёстой” гээд “Гүйцэтгэх захирал Энди Байрон огцрох өргөдлөө өгсөн бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл өргөдлийг нь хүлээн авсан” гэж мэдэгдсэн билээ.

Coldplay-н тоглолтын бичлэгээс эхэлсэн дуулиан: Кристин Кабот ажил олдохгүй байна

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх