Гурван жилийн лиценз, хувьцааны том хөрөнгө оруулалт
“Walt Disney” компани “OpenAI”-тай гурван жилийн хугацаатай лицензийн гэрээ байгуулж, үүнтэй зэрэгцэн 1 тэрбум ам.долларыг хувьцаанд оруулахаар тохиролцжээ. Мөн нэмэлт хувьцаа худалдан авах эрх авах нөхцөл ч хэлэлцээрт багтсан талаар “OpenAI” болон “Walt Disney”-н цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
Disney “Sora”-гийн анхны том лицензийн түнш болж байна
“OpenAI”-ийн мэдээлснээр Disney нь “Sora” хиймэл оюунд зориулсан контентын анхны томоохон лицензийн түнш болох юм. Гэрээний хүрээнд “Sora” нь хэрэглэгчийн хүсэлтээр Disney-ийн анимейшн студийн дүрүүдийг ашиглан видео үүсгэх боломжтой болохоор тусгажээ. Харин Disney эдгээр үүсгэсэн видеог өөрийн “Disney+” платформоор үзүүлэх эрхтэй байх бөгөөд энэ зохицуулалтыг 2026 оны эхээр хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн байна.
Энд нэг чухал заалт бий. Тус гэрээнд студийн жүжигчдийн дүр төрх, дуу хоолойг ашиглах асуудлыг оруулаагүй гэж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл энэ хамтын ажиллагаа нь голчлон анимейшн болон зохиомол дүрийн сан дээр төвлөрч байгаа юм.
200 гаруй дүр, түүнчлэн хувцас, хэрэгсэл, байршил хүртэл ашиглана
Хэвлэлийн мэдээллүүдэд дурдсанаар “Sora” нь Микки Маус, Үнсгэлжин, Симба, Лило ба Стич зэрэг “Disney”, “Marvel”, “Pixar”, “Star Wars”-ын 200 гаруй анимейшн дүр, зохиомол амьтдын санг ашиглах боломжтой болно. Зөвхөн дүрээр хязгаарлахгүй, эдгээр бүтээлүүдэд ашиглагддаг хувцас, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, үйл явдал өрнөдөг байршлуудыг ч контент үүсгэхдээ ашиглах боломж нээгдэнэ гэжээ.
Disney+ дээрх шинэ боломжууд, ажилтнуудад ChatGPT
Хамтын ажиллагаа зөвхөн “Sora”-гийн лицензээр тогтохгүй. “OpenAI”-ийн мэдэгдэлд “Disney” нь OpenAI-ийн томоохон хэрэглэгчдийн нэг болж, API-г нь ашиглан Disney+ болон бусад платформдоо зориулсан шинэ бүтээгдэхүүн, хэрэгсэл, боломжуудыг хөгжүүлнэ гэж дурдсан байна. Мөн компанийн ажилтнуудад ChatGPT-г нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Сэм Альтманы үг
“Disney бол түүх өгүүлэх дэлхийн алтан стандарт бөгөөд Sora болон ChatGPT Images-ээр хүмүүст гайхалтай контент бүтээх, мэдрэх боломжийг олгохын тулд хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна” гэж “OpenAI”-ийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Альтман мэдэгджээ.
Холливудын студиүдтэй олон сарын хэлэлцээний үр дүн
Энэ хэлэлцээрийн цаана нэлээд урт яриа хэлэлцээ явсныг өмнө нь мэдээлж байв. “Bloomberg” агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард “OpenAI” нь “Disney”, “Universal Pictures” (Comcast корпорац эзэмшдэг), “Warner Bros.” “Discovery Inc.” зэрэг Холливудын томоохон студиүдтэй хэдэн сарын турш хэлэлцээ хийсэн гэж мэдээлж байсан. Тухайн хэлэлцээний гол сэдэв нь “Sora”-гийн арилжааны болон бүтээлч боломж байжээ.
Гэхдээ студиүдийн хувьд OpenAI мэдээллийг нь хэрхэн ашиглах нь тодорхой бус байх эрсдэл, мөн 2023 онд хиймэл оюунтай холбоотой маргаанаас үүдсэн Холливудын ажил хаялтын дараа үйлдвэрчний эвлэлүүдийн эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилж байсан талаар мөн тэр мэдээнд онцолсон байна.