Зарим фэнүүдийн кибер дайралт маргаан дэгдээлээ
ENHYPEN хамтлагийн гишүүн Хисынг хамтлагаас гарсан тухай мэдээллийн дараа зарим фэнүүдийн үйлдэл олон нийтийн шүүмжлэлд өртөж байна. Зарим фенүүд цахим орчинд халдлага хийж, баталгаагүй цуурхал тараасан нь маргаан дагуулжээ.
Гуравдугаар сарын 12-нд HYBE компанийн BigHit Music шошготой хамтран ажилладаг продюсер, дуу зохиогч Эл Капитxn (Жан И Жон) өөрийн Instagram хуудсанд энэ талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрээр:
“Ли Хисынгийн талаар надад мессеж бичихээ зогсоо. Хэрвээ та үнэхээр фэн нь бол түүнд чулуу шидэхээсээ өмнө тэвэрч дэмжих ёстой” гэж бичжээ.
Мөн тэр:
“Та нар яагаад үргэлж намайг буруутгаад байдаг юм бэ? Та нар үнэхээр ухаангүй хүмүүс” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.
Продюсерийг буруутгасан фэнүүд
Маргаан зарим ENHYPEN фэн Эл Капитxn-г буруутгаснаас эхэлжээ. Тэрээр өмнө нь Хисынгтай хамтран уран бүтээл хийж байсан тул зарим фенүүд түүнийг “Хисынгийн артист занг өөгшүүлж, хамтлагаас гарахад хүргэсэн” гэж буруутгасан байна.
Үүний улмаас тэд продюсерын Instagram хуудсанд олон тооны шүүмжлэл, дайралт илгээж эхэлжээ. Гэвч энэ шийдвэрт түүний оролцоо байсан талаар батлагдсан баримт байхгүй гэдгийг ажиглагчид онцолж байна.
Цуурхал болон хэвлэлд дарамт үзүүлсэн тухай мэдээлэл
Мөн зарим фенүүд сошиал сүлжээ болон онлайн форумуудаар дамжуулан агентлаг Хисынгийг хүчээр хамтлагаас гаргасан гэх баталгаагүй мэдээлэл тараасан байна.
Түүнчлэн зарим хэрэглэгч тодорхой сэтгүүлчдэд өдөрт 10 мянгаас давсан имэйл илгээж, энэ асуудлыг мэдээлэхийг шаардаж байсан нь олон хүний зүгээс дарамт шахалт гэж үнэлэгдэж байна.
Хамтлаг зургаан гишүүнтэй болох шийдвэрийг тайлбарласан
ENHYPEN хамтлаг, агентлаг болон Хисынг өөрөө хамтлаг цаашид зургаан гишүүнтэй үргэлжлэх шийдвэрийг харилцан зөвшилцсөний үндсэн дээр гаргасан гэж мэдэгдсэн байна.
Гэсэн хэдий ч зарим фэнүүд энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа аж.
Өмнө нь ч фэндом шүүмжлэлд өртөж байжээ
Энэ нь ENHYPEN-ийн фэндом анх удаа шүүмжлэлд өртөж байгаа тохиолдол биш юм.
2023 онд зарим фэнүүд HYBE компанийн төв байрны өмнө ачааны машинтай эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байв. Тэд “Bite Me” дууны бүжгийн хэсгийг бүрэн хасахыг шаардсан бөгөөд бүжигт эмэгтэй бүжигчид оролцсонд дургүйцсэн байна.
Тухайн үед уг эсэргүүцлийг олон хүн хэтрүүлсэн үйлдэл гэж шүүмжилж байсан.
Шинэ эсэргүүцэл дахин эхлэх магадлалтай
Гуравдугаар сарын 10-нд Хисынг хамтлагаас гарсан тухай мэдээлэл гарсны дараа зарим фенүүд дахин цуурхал тарааж, шийдвэрийг буцаахыг шаардсан шинэ ачааны машины эсэргүүцэл зохион байгуулах тухай мэдэгдсэн байна.
Энэ нөхцөл байдал нь K-pop фэндомын зарим хэсэгт хэт туйлширсан зан байдал, соёлын асуудлын талаар дахин хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэжээ.
1 comment
butsagd orul