Шинэ багийн анхны том зорилго тодорхой боллоо
Цахим спортын “BC.Game” багийн шинэ тоглогч Аюуш “mzinho” Батболд багийнхаа YouTube сувагт ярилцлага өгч, CS2-ийн шинэ бүрэлдэхүүний зорилго, ирэх улирлын төлөвлөгөөний талаар ярьжээ.
Тэрээр хамгийн түрүүнд шинэ багтаа цом, нэр хүнд авчрахын төлөө бүхнээ дайчлах хүсэлтэй байгаагаа онцолсон байна. “BC.Game” одоогоор шинэ бүрэлдэхүүнээрээ эхний алхмуудаа хийж байгаа ч багийн зорилго нэлээд өндөр тавигдсан бололтой.
Mzinho: s1mple-тэй хамт финалд шалгарах нь гол зорилго
Аюуш “mzinho” Батболд “Бид Александр “s1mple” Костылевтой хамт финалд шалгарах нь гол зорилго. Гэхдээ цэвэр хуудаснаас эхэлж байна. “PGL Major Singapore 2026” тэмцээнд оролцохын тулд VRS оноо цуглуулах хэрэгтэй. Үе үеэр, шат шатаар урагш явна. Миний хувьд дэлхийн шилдэг – 15-д гараад том тэмцээнүүдэд урилгаар оролцдог болмоор байна. Энэ бол энэ улирлын үндсэн зорилго. Өргөнөөр харах юм бол дэлхийн шилдэг аравт орж, бүхий л том тэмцээнд байнга ордог болохыг хүсэж байна” гэж хэлсэн байна.
Түүний ярьснаас харахад “BC.Game” богино хугацаанд чансаагаа ахиулж, том тэмцээнүүдийн тогтмол оролцогч болох зорилготой байна. Одоогоор тус баг дэлхийн чансааны 200-д бичигдэж байгаа тул энэ зорилгод хүрэхийн тулд VRS оноо цуглуулах, тогтвортой амжилт үзүүлэх шаардлагатай юм.
s1mple Major түрүүлэх зорилго тавьсан
Өмнө нь багийн мэргэн бууч Александр “s1mple” Костылев энэ улирлын гол зорилгоо Major тэмцээнд түрүүлэх гэж тодорхойлж байсан. Харин одоо mzinho ч мөн финалд хүрэх, дэлхийн шилдэг багуудын эгнээнд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.
Ингэснээр “BC.Game” зөвхөн нэр хүндтэй тоглогчид цуглуулсан баг бус, шууд өндөр амжилт онилсон бүрэлдэхүүн гэдгээ харуулж эхэллээ.
“BC.Game” багийн бүрэлдэхүүн
Эмиль “Magisk” Рейф
Денис “electroNic” Шарипов
Александр “s1mple” Костылев
Азбаяр “Senzu” Мөнхболд
Аюуш “mzinho” Батболд
Виктор “TaZ” Войтас, дасгалжуулагч
Шинжээчид шинэ бүрэлдэхүүнийг сонирхолтой гэж үнэлэв
“BC.Game”-ийн шинэ бүрэлдэхүүн олон улсын CS2 хүрээллийн анхаарлыг татаж байна. Ялангуяа s1mple, Magisk, electroNic зэрэг туршлагатай тоглогчид дээр Монголын хоёр хүчтэй тоглогч Senzu, mzinho нар нэмэгдсэн нь багийн боломжийг илүү сонирхолтой болгожээ.
Шинжээч Дункан “Thorin” Шилдс “Үндсэн бүрэлдэхүүнээ бүрдүүлж чадахгүй удсан ч тун сонирхолтой баг бүрдүүлжээ. 2027 онд тэд тун хүчирхэг болно” гэж дүгнэсэн байна.
Харин тамирчин Леонид “chopper” Вишняков “Зарим тоглогч од гэдгээрээ биш баг хамт олны уур амьсгал, ажилсаг байдлаараа тэд амжилт олно. Бүгд л хөдөлмөрч, амбицтай залуус байна. Тэд шилдэг 10-т орж чадна” гэжээ.
Гол асуулт: тэд нэг баг болж чадах уу
Илья “m0NESY” Осипов “Хоёр шилдэг монгол тоглогч авч чаджээ. Хүчирхэг сайн баг бүрэлдсэн ч хүн болгонд өөрийн бодол бий тул хамгийн гол нь нэг баг болж чадах эсэх чухал” гэж хэлсэн байна.
Мөн Алекс “Mauisnake” Элленберг “BC.Game баг хамгийн шилдэг сонголтуудыг хийжээ. Шинэ гурван тоглогчтойгоор чансаагаа ахиулж, доод тал нь 25-д орж чадна” хэмээн үнэлжээ.
Шинжээчдийн байр сууринаас харахад “BC.Game”-ийн шинэ бүрэлдэхүүнд өндөр боломж байгаа ч амжилт нь тоглогчдын нэр хүндээс илүү багийн уялдаа, дотоод ойлголцол, тогтвортой тоглолтоос шалтгаалах бололтой.
Монгол тоглогчид шинэ сорилтын өмнө ирлээ
Senzu, mzinho нарын хувьд “BC.Game” бол олон улсын тавцанд шинэ түвшинд өөрсдийгөө батлах том боломж юм. Харин багийн хувьд тэднийг авчирсан нь чансаагаа хурдан ахиулах, Major-д өрсөлдөх, цаашлаад дэлхийн шилдэг 10 багийн нэг болох зорилготой шууд холбоотой байна.
Одоо фэнүүдийн гол хүлээлт бол энэ хүчтэй нэрс нэг баг болж, бодит амжилтаар өөрсдийгөө баталж чадах эсэх юм.
