Нүүр хуудас Уран сайхан“Physical Asia”-гийн хийрхэл: Монголчуудын шок хэзээ тайлагдах вэ?

“Physical Asia”-гийн хийрхэл: Монголчуудын шок хэзээ тайлагдах вэ?

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монголын нийгэм бүхэлдээ Солонгосын “Physical Asia” нэвтрүүлгээр амьсгалж буй хэд хоног үргэлжилж байна. Солонгосын телевизийн энэхүү шоудад олон орноос хүмүүс ирж хүч, биеийн тамир сорин өрсөлдсөнөөс манай баг хоёрдугаар байрт орсон нь бараг л “улсын хэмжээний түүхэн явдал” мэт шуугиан дэгдээжээ. Улс орон даяараа тэднээр бахархаж, омогшиж, огшиж, хамаг уур амьсгал нэг л агшин “халууралт” руу орчихсон шиг.

Гэтэл булчин шөрмөсөө тодруулсан хэдэн тамирчин зохиолтой шоуны дүрмийн дагуу үзэгчдээ зугаацуулах агуулгатай нэвтрүүлэгт оролцсон төдий байхад түүнийг нь дагаж улс даяараа шоконд ортлоо сүржигнэнэ гэдэг манай нийгмийн сэтгэлзүйн ямар эмзэг, ямар эмх замбараагүй болсныг тодорхой илчилж байна. Өнөөдрийн энэ дүр зураг бол монголчууд аливаа юманд хэр амархан автдаг, түр зуурын хөөрлөөрөө хэр хурдан туйлширч чаддгийг харуулсан тод “толин тусгал”.

Олимпийн алтаар огшсон он жилүүд – бид юуг ойлгож авсан бэ?

Саяхнаас ч дотно, хэдэн жилийн өмнөх нэгэн үйл явдлыг эргээд бодъё. Монголчууд олимпийн аваргатай боллоо гээд улс даяараа шоконд орж байсныг санаж байна уу? Сүхбаатарын талбай руу сүрэглэн очиж, хашхирч, баярлаж, тэврэлдэж, уйлж унжиж байлаа. Төрийн гурван өндөрлөг нь хүртэл талбайн тайзан дээр согтуу хүн шиг хэлхэлдэн гарч ирээд, хоорондоо үнсэлцэн нулимс унагаж байсныг мартах аргагүй. Гол замаар машинуудаас гэрлээ анивчуулсан цуваа тасралтгүй давхина.

Тэр үед монголчууд хайлсан тугалга шиг зөөлөрч, бие биедээ “найр тавьж”, олимпийн аваргынхаа төлөө үнэхээр чин сэтгэлээсээ хөөрч байлаа. Бид олимпийн алттай болсондоо туйлын ихээр баярлаж, сэтгэл хөөрлөө оргил цэгт нь тултал тэнгэрт тулгаж байсан.

Гэвч одоо эргэж харахад асуулт ар араасаа гарна. Яах гэж тэгж галзууртлаа онгирч догдолж байв? Олимпийн алттай болсныхоо дараа бидний амьдрал үнэхээр эрс сайжирсан уу? Долларын ханш навс буугаад, импортын бараа бидэнд хямдхан, хүртээмжтэй болсон уу? Алтан медаль аваад ард түмэн бүхэлдээ баяжиж, амьдрал нь өдөр шөнө шиг өөрчлөгдсөн үү?

Огтхон ч үгүй. Бид хэдхэн хоног хэтэрхий хөөрч, өөрсдийгөө юу ч билээ гэж бодон бурхан заяатай улс мэт аашилсны эцэст өнөө “бурхан” гэж шүтсэн олимпийн аварга маань хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдон төгсгөлийг нь харлаа.

Ромын дэлхий эзлэсэн жанжид яг ийм маягаар, манай аварга шиг хөөрөл дунд нийтийн хайр хүндэтгэлийг хүртэж, хотын иргэдийн алга ташилт дунд нийслэлдээ орж ирдэг байж. Тэгэхэд тэдний ард нэг сенатын гишүүн чимээгүй дагаж яваад чихэнд нь “Моменто мори” гэж шивнэдэг байсан гэх. Өөрөөр хэлбэл “Чи хэзээд үхнэ шүү” гэсэн утгатай үг. Нэг талаасаа “хэт бүү онгир, хүн шиг бай, чи бусдаас онцгой биш” гэсэн ухааруулга.

Харамсалтай нь манайд олимпийн аваргынхаа чихэнд ийм үг шивнэх ухаан, сэхээ байсангүй. Бид шүтэж, галзуурч, төөрөлдөөд л өнгөрсөн.

Ухаалаг утас, сошиал– шинэ эринд хийрхэл “цунами” болон хувирлаа

Одоо эргэж бодоход, өнөөдрийн “Physical Asia”-гийн уур амьсгалтай харьцуулахад олимпийн үеийн хөөрөл харин ч нэлээд даруухан байжээ. Тэр үед ухаалаг гар утас, цахим ертөнц өнөөдрийнх шиг амьдралын гол суваг болж амжаагүй байсан тул хэд хоног сэтгэл хөөрөөд, маргаашаас нь хүн бүр ажлаа хийж, амьдрал руугаа эргээд орчихдог байв.

Харин одоо хүн бүр гар утсаар мэдээлэл авдаг болсон энэ цаг үед ганцхан шоу, ганцхан клип нийгмийн сэтгэлгээг бүхэлд нь цунамилсан хөөрөл рүү чирж оруулж байна. “Physical Asia” дууссан боловч шок үргэлжилсээр. Хаашаа л харна нүд нь гялалзсан, нулимс нь цийлэгнэсэн, “хурц омогшилтой” монголчууд түүний тухай ярьж, бахархаж сууна.

Төрийн тэргүүн нь хүртэл олны давалгаанд нэгдэн орлоо. Ерөнхийлөгч шоуны оролцогч залуусыг албан ёсоор хүлээн авч, тэдэнд талархал илэрхийлсэн, бахархаж байгаагаа хэлсэн бичлэгүүдийг сошиалаар цацахад аль хэдийн хөөрчихсөн олон нийт бүр ч илүү омогшин, шокноосоо гарах сэхээгүй боллоо.

Уг нь нэг улсын Төрийн тэргүүн олон нийтийн сэтгэл хөөрлийг тайтгаруулж, ухаан, бодлогын төв болж, хэт хийрхэл, туйлшралыг баланслож байх ёстой. Гэтэл эсрэгээрээ олны хөөсрөл дээр давхиж, олон нийтийн хаашаа ч хамаагүй урссан сэтгэлийг “оноо цуглуулах хэрэгсэл” болгож буй нь хэтэрхий хөнгөн, хариуцлагагүй явдал.

Олимпийн аваргын үеэр төрийн өндөрлөгийн оролцоо “бодлогоор хийгдсэн” байсан тухай яриа бий. 7 сарын 1-нд таван залуу утга учиргүйгээр буудуулж амиа алдсан хар өдрийг мартагнуулах, нийгмийн бухимдлыг үйлдвэрлэлтэйгээр дарж авах гэсэн оролдлого байж болох талаар ч ярьдаг. Харин энэ удаад эрх баригчид нийгмийн хөөрлийг дагаж давхисаар хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалтын үеэр “Монгол иргэдийг Солонгос руу визгүй зорчуул. Хэрвээ тэгэхгүй бол Солонгосын иргэдийг бид визтэй болгоно” гэх мэт бардам, сүржин үг хэлсэн нь шууд л олон нийтийн сэтгэл хөөрлийг дагасан, “үрчгэр ааштай хүүхэн”-ий түргэн шийдвэр шиг сонсогдож байна.

Нэвтрүүлэг, хобби, зугаа – түүхэн амжилт уу, түр зуурын зугаа юу?

“Physical Asia”-д оролцсон монгол залуус Солонгосын үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, олны анхаарал татсан нь үнэн. Гэхдээ үүнийг нийтээрээ шоконд ортлоо дөвийлгөж, улс орны хувь заяа өөрчлөгдөх хэмжээний том үйл явдал мэт ойлгож шүтэх нь өөрөө гаж.

Оролцогчид солонгосчуудын зүрх сэтгэлийг эзэмдчихсэн, тиймээс удахгүй манай улс руу солонгос жуулчид цутгах гэж байна гэж хийрхэх аяс тархаж байна. Үүн дээрээ “визээ цуцална”, “солонгосууд манай зочид болно” гэх мэт бардам үгс нэмэгдэв. “Дуулсан дуундаа өөрөө уярна” гэдэг шиг өөрсдийнхөө зохиосон үлгэрт өөрсдөө итгэж эхэллээ.

Хуучны нэг кинон дээр Богд хаан Хатанбаатар Магсаржавын тухай “Байлдаж, тулалдахаас илүү юмгүй энэ мангар хэний ч зараалаар яваа юм бол…” гэж хэлдэг. Үүнтэй яг адил, хэн нэгний хувийн хобби, зугаа, биеийн тамирын сорилт маягийн нэвтрүүлгийг бид нийтээрээ шоконд ортлоо шүтэж, огшиж, үндэсний бахархал мэт даган баясаж суух шаардлага байна уу? Хэдхэн хүн шоуны тайзан дээр гарсан нь манай улсын нэр дэлхийд “түүхэн дээд амжилтаар” бичигдлээ гэсэн үг мөн үү?

Эцэстээ бодоход, энэ бол гадаадын телевизийн нэгэн төсөлд оролцсон танилцуулга, үзүүлбэр төдий. Тэд энэ шоунд оролцсоноор утаа алга болох уу, түгжрэл арилж, нийслэл амарч сэргэх үү, төгрөгийн ханш гэнэт өсөх үү, мах, гурилын үнэ буурах уу? Үгүй. Өдөр хоногийн түр зугаа, хэдхэн хоногийн сэтгэлээ сатааруулах “контент” төдий.

Манай нийгэм улам тэнэгшиж байна гэдэг хатуу ч гэлээ бодит үнэнтэй үг. Сошиалд шоу үзэж бахархаж суугаа солонгос үзэгчид гээд байгаа хүмүүс үнэндээ сөжү, кимчинээсээ илүү гарч, Монгол руу жуулчлалаар ирж, хөрөнгө оруулдаг чинээлэг давхарга биш. Телевизорынхаа өмнө суугаад, бодит амьдралаас тасарч, шоугаар сэтгэлээ зогоодог жирийн масс.

Тэдний шөнө дунд галзуурч хашхирсан уухай манай улсын эдийн засгийн ирээдүй, аялал жуулчлалын бодлого, хоёр улсын харилцаанд бодит нөлөө үзүүлэх төвшний “суурь” болж чадах уу? Маш бага. Харин бид тэдний хөөрлийг бодитоос тасарсан шүтлэгээр “томруулж” харсаар өөрсдийнхөө асуудлаас улам зугтаж байна. Нийгэм ингэж хөөсрөх тусам бид үнэн бодит бэрхшээлээсээ улам холдоно.

Бодит байдал: ханш, үнийн өсөлт, авлига, нурж буй системүүд

Өнөөдөр төгрөгийн ханш өдөр ирэх тусам суларч, үнийн өсөлт иргэдийн амьдралын чанарыг хуу татан унагаж байна. Өр зээлд дарлуулсан айл өрхүүдийн өдөр тутмын амьдрал улам бүр хүндэрч, ажилгүйдэл, цалин орлогын хүрэлцээгүй байдал хүний эрүүл мэнд, сэтгэл зүйг нухчин дарж байна.

Эмнэлгүүдийн коридор дүүрч, эмч нар ачааллаа даахаа байж, эрүүл мэндийн тогтолцоо уналтын ирмэг дээр ирсэн. Боловсролын салбар чанарын гүн уналтад орж, хүүхдүүдийн ирээдүй, чадварын ялгаа улам тэлж байна. Нүүрсний хулгай, авлигын сүлжээ, албан тушаалын наймаа, хуйвалдаан гээд шийдэл нэхсэн асуудлууд уул овоо шиг хурайсаар.

Гэтэл бид Солонгосын нэг шоуны тойрогт хэдэн залуу оролцсоных нь төлөө шокондоо автаж, үндэсний бахархал мэт асар том утга агуулга өгч, бодит асуудлаа бараг мартахаар болж байна. Энэ үзэгдэл бол монголчууд бодол санааны хувьд хэр бүдүүлэг, харанхуй байдал руу ухарч байгаагийн ил тод шинж.

Түүнээс гадна ийм хий хөөсийг зориудаар өдөөж, нийгмийн бухимдлыг түр зуур сатааруулах зэмсэг болгож ашиглаж буй нь эрх барьж буй МАН-ын “үнэгэн заль” гэдэг нь улам тодорхой харагдана. Ингэхийн оронд тэд бодит үнийн өсөлт, авлигын сүлжээ, нийгмийн шударга бус байдлыг цэгцлэх ажлаа хийх ёстой. Харин одоо хийж буй нь хүмүүсийг шоугаар мансууруулж, бодит амьдралын зовлонгоос нь түр зуур холдуулж буй хялбар зам төдий.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх