ENHYPEN-ээс Хисын гарсны дараах маргаан улам нэмэгдэв
ENHYPEN хамтлагийн гишүүн Хисын хамтлагаа орхисон тухай мэдэгдлийн дараа цахим орчинд маргаан үргэлжилсээр байна. Энэ удаа BTS-тэй хамтран ажиллаж байсан продюсер El Capitxn-ийн шинэ мэдэгдэл фэнүүдийн анхаарлыг татаж, заримд нь санаа зовнил төрүүлжээ.
Өмнө нь El Capitxn Хисын хамтлагаас гарахад өөрийг нь буруутгаж мессеж илгээж буй хүмүүсийг шүүмжилсэн бичлэг нийтэлж, хүчтэй үг хэллэг хэрэглэсний улмаас шүүмжлэлд өртсөн юм. Дараа нь тэрээр бичлэгээ засварласан ч маргаан намжаагүй байна.
El Capitxn тайлбар хийв
Удалгүй продюсер дахин тайлбар хийж, өөрийн мэдэгдлийн зорилгыг тодруулсан байна.
Тэрээр:
«Хүмүүс миний хараал хэлсэнд л анхаарч, бичсэн үгийг минь зөв ойлгохгүй байгаа бололтой. Тиймээс би яагаад ингэж хэлснээ сүүлчийн удаа тайлбарлая. Надад “чи Хисынг хамтлагаас гарахад шахалт үзүүлсэн” гэж мессеж бичсэн хүмүүст л би хараал хэлсэн.»
Мөн тэрээр:
«Twitter дээрх зарим нийтлэлийг уншсан бол энэ үнэн биш гэдгийг ойлгох байсан.»
“Би энэ талаар мэдээгээр л анх мэдсэн”
El Capitxn өөрийг нь уг шийдвэртэй холбож байгаа яриаг эрс үгүйсгэж, Хисынтай холбоо барьж чадаагүй гэдгээ дурдсан байна.
Тэрээр:
«Та нарыг хараах надад ямар ашигтай гэж? Би түүнтэй холбогдож чадаагүй. Энэ тухай би анх мэдээнээс л мэдсэн.»
Мөн тэрээр Хисын өөрийн шийдвэрийг бие даан гаргасан гэдгийг онцолжээ.
Тэрээр:
«Хэн нэгэн хүнийг, тэр дундаа Хисын шиг уран бүтээлчийг өөр хүн шахаж шийдвэр гаргуулна гэж байхгүй. Энэ бол түүний өөрийн сонголт, өөрийн хариуцлага.»
Фэнүүдийн дунд шинэ санаа зовнил үүсэв
Гэсэн хэдий ч El Capitxn-ийн “Хисынтай холбогдож чадаагүй” гэсэн үг фэнүүдийн дунд шинэ санаа зовнил үүсгэсэн байна.
Зарим фэнүүд цахим сүлжээнд:
«Хисынтай холбоо барьж чадахгүй байна гэсэн өгүүлбэр их сэжигтэй санагдаж байна. Тэр одоо ямар сэтгэлзүйтэй байгааг бодоход үнэхээр санаа зовж байна» гэж бичжээ.
Мөн өөр нэг хэрэглэгч:
«Одоо Хисын өөрөө гарч ирэх цаг болсон. Ядаж шууд дамжуулалт хийж эсвэл хэвлэлийн бага хурал зарлах хэрэгтэй. Сөрөг яриа тархаж байгааг компани мэдэж байгаа байлгүй, яагаад ямар ч тайлбар өгөхгүй байна?» гэж бичсэн байна.
Маргаан үргэлжилсээр байна
Зарим фэнүүд Хисын шийдвэрийг компанийн дарамттай холбоотой байж магадгүй гэж таамаг дэвшүүлж байгаа бол нөгөө хэсэг нь уран бүтээлчийн сонголтыг хүндэтгэх ёстой гэж үзэж байна.
ENHYPEN хамтлаг 2020 онд Mnet телевизийн I-LAND шоугаар дамжин дебют хийж, “Bite Me”, “No Doubt” зэрэг дуугаараа дэлхий даяар танигдсан. Хисын хамтлагаас гарсны дараа ENHYPEN зургаан гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон байна.