Гэрээс нь олон хутгалуулсан шархтай олдсон хэрэг
Холливүүдийн нэртэй найруулагчдын нэг Роб Райнер болон түүний гэргий Мишел Сингер Райнер нарыг Лос Анжелес дахь гэрээс нь олон хутгалуулсан шархтай, нас барсан байдалтай олсон талаар мэдээлэв. Тэднийг Ням гарагт 28 настай охин Роми нь олсон байна.
Роб Райнер нь “When Harry Met Sally”, “This is Spinal Tap”, “Stand by Me”, “Misery”, “A Few Good Men” зэрэг олон төрөл жанрын нэрд гарсан бүтээлүүдээр танигдсан найруулагч юм. Орон нутгийн цагаар Ням гарагийн 15:38 цагт түргэн тусламжийн албаныхан гэрт нь очих үед 78 настай Роб Райнер, 68 настай Мишел нар нас барсан байжээ.
32 настай хүүг нь сэжиглэн саатуулсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна
Лос Анжелес хотын цагдаагийн газар Даваа гарагт найруулагчийн 32 настай хүү Ник Райнерыг баривчилснаа мэдээлжээ. Тухайн өдрийн орой 21:15 цагийн үед баривчилсан талаар цагдаагийн албаныхан дурдсан ч мөрдөн байцаалт үргэлжилж буй шалтгаанаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Ник Райнер өмнө нь мансуурах донтой болсон, орон гэргүй амьдарч байсан тухайгаа хэвлэлд ярьж байжээ. Тэрбээр 2015 онд өөрийн амьдралаас сэдэвлэсэн “Being Charlie” хагас намтарчилсан киног аавын хамт бүтээж байсан гэдэг.
Райнерын намтар, гэр бүлийн түүх, олон нийтийн хариу үйлдэл
Роб Райнер нь Холливүүдийн домогт жүжигчин, зохиолч Карл Райнерын хүү байжээ. Тэрээр 1960-аад онд “All in the Family” нэртэй телевизийн хошин цувралд Митхидийн дүрийг бүтээн олонд танигдсан нь урлагийн замналынх нь эхлэлд тооцогддог байна.
Райнер 1971-1981 оны хооронд “Laverne & Shirley” киноны жүжигчин Пэнни Маршаллтай амьдарч, түүний охин, жүжигчин Трэси Маршаллын хойд эцэг болж байжээ. Дараа нь “When Harry Met Sally” киног бүтээх үеэрээ танилцсан Мишел Райнертай 1989 онд гэрлэж, гурван хүүхдийн эцэг болсон байна. Мишел Райнер нь жүжигчин, гэрэл зурагчин, продюсер бөгөөд Reiner Light гэрэл зургийн агентлагийг үүсгэн байгуулж байсан гэж мэдээлэв.
Роб Райнер улс төрийн идэвхтэй байр суурьтай, Ардчилсан Намыг дэмждэг байсан нь түүний үхлийн дараах хэлэлцүүлэгт нөлөөлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эмгэнэл илэрхийлэхдээ улс төрийн байр суурийг нь давхар онцолж, “Тэрээр ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг үзлээр хүмүүсийг галзууруулснаараа алдартай хүн” гэж сошиал хуудсандаа бичээд энэ үйлдлийнхээ улмаас бусдын гарт алагдсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Трампын энэ мэдэгдэл Бүгд Найрамдах Намын зарим улстөрчийн шүүмжлэлтэй тулгарчээ. Тухайлбал хууль тогтоогч Маржори Тэйлор Грин “Энэ бол улс төртэй хамаагүй гэр бүлийн эмгэнэлт явдал юм. Олон гэр бүлд хар тамхинд донтох болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүн байдаг. Энэ бол маш хэцүү асуудал бөгөөд аллага болсон бол өрөвдөх сэтгэлээр хандах ёстой” гэж мэдэгдсэн байна.
Мөн Райнер агсны найз нөхөд, уран бүтээлийн хамтрагчдын дунд эсэргүүцэл, харамсал өрнөсөн гэж мэдээлэв. Энэ онд нээлтээ хийсэн “Spinal Tap 2” кинонд тоглосон Британийн поп од Элтон Жон “Роб, Мишел нарын тухай өнөөдрийн мэдээг сонсоод итгэж чадахгүй байна. Тэд бол миний амьдралдаа учирсан хамгийн сайхан хүмүүс бөгөөд үүнээс илүүг хүртэх хувьтай хүмүүс байсан юм” гэж мэдэгдсэн байна.
