Хип-хоп од Олимпын албан ёсны “хөгжөөн дэмжигч” болов
Америкийн нэрт реппер Снуп Догг ирэх өвлийн Олимпын наадамд оролцох АНУ-ын багийг дэмжих “хүндэт хөгжөөн дэмжигч”-ээр сонгогдсон тухай мэдээллийг АНУ-ын Олимп, Параолимпын хороо (USOPC) энэ пүрэв гарагт албан ёсоор зарлалаа.
Өдгөө 54 настай тэрээр спортоор өрсөлдөхгүй ч Америкийн багийн тамирчдыг талбайн гаднаас дэмжих, урам зориг өгөх, олон нийттэй холбож өгөх сайн дурын үүрэг гүйцэтгэх юм.
Олимпын өмнөх туршлага нь түүнийг “олимпын хүн” болгосон
Снуп Догг саяхны Олимп, спортын арга хэмжээнүүдэд ч идэвхтэй оролцож ирсэн. Тэр өнгөрсөн жил Парист болсон зуны Олимпын үеэр АНУ-ын төлөөлөл болж, NBC телевизийн Олимпын тусгай сурвалжлагчаар ажилласан. Мөн 2028 оны Лос-Анжелесын Олимпын тугийг хүлээн авах ёслолын үеэр тайзан дээр гарч ая дуугаа өргөж, үзэгчдийг огшоож байсан.
Ийнхүү урлаг, спортын зааг дээр ажиллаж ирсэн түүнд USOPC тамирчдыг олон нийттэй холбох, Олимпын уур амьсгалыг илүү ойр хүргэх “цалингүй дасгалжуулагч”-ийн үүргийг даатгахаар шийджээ.
“Дасгалжуулагч Снуп” өөрийгөө хэрхэн харж байна вэ?
Снуп Догг өөрийн шинэ статустай холбоотойгоор:
“Америкийн баг тамирчид бол жинхэнэ одууд, би зүгээр л хөгжөөн дэмжих, урам зориг өгөх, магадгүй талбайн гаднаас багахан зөвлөгөө өгөх байх” хэмээн хэлжээ.
Тэрээр “Дасгалжуулагч Снуп” нэрээрээ цаашдаа Олимпын үеэр тамирчидтай уулзах, контент бүтээх, үзэгчдийн сонирхлыг нэмэгдүүлэх ажлыг хийх бөгөөд USOPC-ээс түүнийг Америкийн тамирчдыг дэмжихдээ “өөрийн өвөрмөц хошин зан хийгээд зүрх сэтгэлээ зориулна” гэж онцолсон байна.
USOPC: Түүний энерги бусдад халдварлана
АНУ-ын Олимп, Паралимпын хорооны гүйцэтгэх захирал Сара Хиршланд Снуп Доггийн оролцооны талаар сэтгэгдлээ илэрхийлэхдээ: түүний “Олимп, Параолимпын хөдөлгөөний талаарх хүсэл тэмүүлэл нь бусдад нөлөөлөх чадалтай” хэмээн үнэлжээ.
АНУ-ын баг тамирчдын хувьд тэр зөвхөн урлагийн од бус, спортод олон жил сэтгэл гарган хандсан дэмжигч гэдгийг ч тэмдэглэсэн.
Үнэхээр Снуп Догг 2005 онд АНУ даяар хүүхдүүдийг Америк хөл бөмбөгөөр хичээллүүлэх зорилготой “Снупын залуучуудын хөл бөмбөгийн лиг”-ийг санаачлан байгуулж, спортыг хүүхэд, өсвөр үеийнхэнд ойртуулахад бодит хувь нэмэр оруулсан байдаг.
Милан–Кортина 2026: Спорт, поп соёл хоёр огтлолцоно
Өвлийн Олимпын XXV наадам Италийн Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны хооронд зохион байгуулагдана. Энэ удаагийн Олимп спортоос гадна поп соёл, хөгжмийн ертөнцтэй илүү нягт уялдсан, үзэгчдийг татах шинэ “найруулгатай” болох шинжтэй байна.
Снуп Догг өөрийн зорилгыг ийн илэрхийлжээ.
“Энэхүү баг бол авьяас чадвар, зүрх сэтгэл, эрч хүч гээд спортын хамгийн шилдгүүдийг төлөөлдөг. Хэрэв би үүнд өөрийн өчүүхэн хайр энэрэл, урам зоригийг өгч чадвал энэ нь миний хувьд ялалт юм” гэж Снуп Догг ярьсан байна.
Түүний жинхэнэ нэр Келвин Бродус бөгөөд хип-хопын домогт уран бүтээлчийн хувьд төдийгүй, спортод хайртай, хүүхдийн спортыг дэмжигч хүний хувьд Олимпын “хүндэт дасгалжуулагч” гэсэн шинэ дүр нь олон үзэгчдэд сонин, бас урамтай санагдаж байна.