Монголын театрын болон дэлгэцийн урлагийн сод төлөөлөгч, алдарт жүжигчин Л.Жамсранжавын охин, Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Оюундарь 1968 оны энэ өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ. Тэрбээр Соёл урлагийн их сургуулийг (СУИС) “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээрээ олноо хоногшсон Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн багшийнхаа удирдлага дор төгссөн түүхтэй. СУИС-ийг дүүргэснээсээ хойш өнөөдрийг хүртэл Монголын цорын ганц академик театр болох Улсын Драмын Эрдмийн Театрт (УДЭТ) тууштай бөгөөд үнэнчээр ажиллаж яваа уран бүтээлч юм.
Академик театрын тайзнаас дэлгэцийн уран бүтээл хүртэл
Түүнийг УДЭТ-ын 1989 оноос хойш үзэгчдэд хүргэсэн бараг бүх л жүжгийн гол болон туслах дүрд тоглосон гэхэд хол зөрөхгүй. Түүнчлэн дэлгэцийн уран бүтээлүүдийг нь жагсаавал нэлээд урт жагсаалт хөвөрнө. Жүжигчин бүсгүйн хувьд аймшгийн, адал явдалт, түүхэн, инээдмийн, уянгын гээд тоглож үзээгүй киноны төрөл ч үлдээгүй бөгөөд дүр бүхнээ амьдлаг, өвөрмөцөөр амилуулдгаараа онцлогтой.
Уран бүтээлчийн олон жилийн хөдөлмөр, авьяас билгийг гэрчлэх зарим онцлох үзүүлэлт, амжилтуудыг дурдвал:
- Театрын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг тодруулдаг “Гэгээн Муза” наадмын дөрвөн удаагийн шагнал хүртэж байсан.
- ОХУ-ын “Ламбушка” театрын наадмын тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан.
- Зөвхөн театрын тайзнаас л гэхэд 80 гаруй өөр өөр дүрээр хувирч, үзэгчидтэй “уулзаад” байна.
Монголын соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн авьяаслаг жүжигчиндээ төрсөн өдрийн халуун мэнд хүргэе!