2025 оны Miss Korea Jin буюу тэргүүн титмийн эзэн Jeong Yeon-woo Miss Korea тэмцээний оролцогчидтой холбоотой гоо сайхны мэс заслын маргааны талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Jeong Yeon-woo наймдугаар сарын 27-нд хувийн олон нийтийн сүлжээндээ урт нийтлэл оруулж, түүнийг гоо сайхны мэс засал хийлгэсэн эсэх, “төрөлхийн гоо үзэсгэлэнтэй” эсэх талаар хэрэглэгчдийн тавьсан асуултад шууд хариулсан байна.
Тэрээр:
“Miss Korea-д оролцож байхдаа хамгийн их сонссон сэдэв бол гоо сайхны мэс засалтай холбоотой байсан. Үнэнийг хэлэхэд би ийм асуултууд үнэ цэнгүй гэж бодож, тайлбар өгөхөөс эсвэл шууд хариулахаас зайлсхийдэг байсан. Гэвч зөвхөн би ч биш, миний хайртай хамтран оролцогчид ч бүдүүлэг, үндэслэлгүй үгсээс амархан шархалж байгааг олон удаа харсан. Тиймээс энэ удаа өөрийн бодлоо болгоомжтой хуваалцахаар шийдлээ” гэж бичжээ.
Jeong Yeon-woo өөрөө гоо сайхны мэс засал хийлгээгүй ч зарим төрлийн процедур хийлгэж байсан гэдгээ илэн далангүй хэлсэн байна. Тэрээр цааш нь:
“Таагүй ч гэсэн буруу ойлголт үүсгэхгүйн тулд эхлээд асуултад хариулъя. Би гоо сайхны мэс засал хийлгээгүй, гэхдээ хэд хэдэн процедур хийлгэж байсан. Энэ таны хүссэн хариулт биш байж магадгүй. Хэрэв итгэхгүй бол зүгээр” хэмээжээ.
Мөн тэрээр хүмүүс бусдын гадаад төрх, гоо сайхны мэс засал хийлгэсэн эсэхэд хэт их анхаардагт шүүмжлэлтэй хандсан байна.
“Би харин хүмүүс яагаад бусад хүн гоо сайхны мэс засал хийлгэсэн эсэхэд тийм их сонирхдог юм бол гэдэгт илүү их гайхдаг. Төрөлхийн гоо үзэсгэлэнтэй байвал хүний үнэ цэнэ нэмэгдэж, тийм биш бол буурдаг гэж үү? Хүний үнэ цэнийг бусад хүн дур мэдэн шүүх боломжгүй, бүр гадаад төрхөөр нь тодорхойлох ёсгүй. Гоо сайхны мэс заслын асуудал яагаад тийм чухал гэж?” хэмээн тэр бичжээ.
Jeong Yeon-woo Miss Korea тэмцээн гадаад төрхийг үнэлдэг ч зөвхөн царай зүсээр дүгнэдэг тэмцээн биш гэдгийг онцолсон байна. Түүний хэлснээр оролцогчид хаалттай шатанд олон төрлийн үнэлгээ өгдөг бөгөөд үүнд ганцаарчилсан ярилцлага, нийгмийн цаг үеийн сэдвээр илтгэл тавих, өөрийгөө танилцуулах, авьяасаа үзүүлэх зэрэг олон шалгуур багтдаг аж.
Тэрээр:
“Miss Korea нь хүнийг үнэлдэг тэмцээн учраас гадаад төрхөд анхаарал хандуулах нь зайлшгүй. Гэхдээ олон хүн Miss Korea-г зөвхөн гадаад төрхөөр нь шүүдэг гэж буруу ойлгодог. Бид тэмцээний сэдэвтэй уялдсан ганцаарчилсан ярилцлага, цаг үеийн асуудлаарх оюуны илтгэл, өөрийгөө танилцуулах, авьяасын үзүүлбэр зэрэг олон төрлийн үнэлгээг хаалттай орчинд өгдөг. Гэтэл жил бүр гоо сайхны мэс заслын маргаан хамгийн том асуудал болдог бодит байдал нь оролцогчдын хичээл зүтгэл болон тэмцээний мөн чанарыг үгүйсгэж буй мэт санагдаж, харамсал төрүүлдэг” гэжээ.
Өмнө нь 70 дахь удаагийн Miss Korea шалгаруулах тэмцээнд сагсан бөмбөгийн тамирчин асан Woo Ji-won-ы охин Woo Seo-yoon Jin буюу тэргүүн титмийн эзэн болсон. Гэвч түүнийг ялагчаар зарласны дараа цахим хэрэглэгчид түүний өмнөх телевизийн нэвтрүүлэгт оролцож байсан дүр төрхийг дахин сөхөж, гоо сайхны мэс заслын маргаан үүсгэсэн байна.
Зарим хүн түүнийг 16 настайдаа tvN-ийн “Escape from the Nest 3” нэвтрүүлэгт гарч байсан төрхтэй нь одоогийн дүр төрхийг харьцуулан шүүмжилсэн бол нөгөө хэсэг нь алдартай гэр бүлээс гаралтай хүүхэд байсан учраас бага насных нь төрхийг ингэж хатуу шүүх нь харамсалтай гэж үзжээ.
Jeong Yeon-woo нийтлэлийнхээ төгсгөлд бусдын нүүр царайг хэт нягталж, өөрчлөлт хайдаг хүмүүсийг шүүмжилсэн байна.
Тэрээр:
“Бусдын нүүрийг шинжиж өөрчлөлт хайдаг хүмүүс, ойлгох гэж оролдох ч үгүйгээр гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж таамагладаг хүмүүс, явцуу бодолд баригдаж бүдүүлэг үг хэлдэг хүмүүс, ичихээ мэддэггүй хүмүүсийн хязгаарлагдмал өнцөг өрөвдмөөр санагддаг. Хэрэв тэд миний харж ойлгосон зүйлийг ойлговол өөрсдийнх нь явцуу хараанд багтсан бүхэн үнэндээ ямар ч бодит ач холбогдолгүй гэдгийг мэдэх болно. Та бүхэнд ийм өөрчлөлт чин сэтгэлээсээ ирээсэй гэж хүсэж байна” хэмээн бичжээ.
Ийнхүү Jeong Yeon-woo Miss Korea оролцогчдын гоо сайхны мэс заслын талаархи маргаанд зөвхөн өөрийн тухай бус, хүний үнэ цэнийг гадаад төрхөөр хэмжих хандлагын эсрэг байр суурь илэрхийлсэн байна.