Дуучин, жүжигчин IU урлагийн замналаа эхлүүлсний 18 жилийн ойгоо тохиолдуулан 200 сая вон буюу ойролцоогоор 144 мянган ам.долларын хандив өргөжээ.
Тэрээр олон жилийн турш үргэлжилж буй уламжлалынхаа дагуу энэ удаагийн хандивыг өөрийн нэрээр бус, өөрийг нь болон албан ёсны фэн клубыг нь нэгтгэсэн “IUAENA” нэрийн өмнөөс өгсөн байна.
Нийт 200 сая воныг дөрвөн байгууллагад тэнцүү хуваарилж, тус бүр 50 сая вон олгожээ.
- Social Welfare Society — төрийн асрамжийн байгууллагаас гарч, бие даан амьдрах гэж буй залуусыг тогтвортой амьдралд шилжихэд нь дэмжихэд зориулна.
- Seoul Rehabilitation Hospital — санхүүгийн хүндрэлтэй гэр бүлийн хүүхэд, өсвөр үеийнхний эмчилгээ болон сэргээн засах үйлчилгээнд зарцуулна.
- Habitat for Humanity Korea — дайнд оролцож байсан ахмад дайчдын орон сууцны нөхцөлийг сайжруулахад ашиглана.
- Heart-Heart Foundation — бие даан амьдрахад бэлтгэж буй залуу эмэгтэйчүүдийн байр, сургалт болон сэтгэлзүйн дэмжлэгийн зардалд зориулна.
IU-ийн харьяалагддаг EDAM Entertainment агентлаг хандивын албан ёсны батламжуудыг нийтэлж, мөн дуучны фэнүүддээ зориулсан зурвасыг хүргэсэн байна.
IU уг зурвастаа UAENA фэнүүддээ үргэлж халуун дотно дэмжлэг үзүүлж ирсэнд талархаад, хүмүүсийн өдөр тутмын амьдралд сайн сайхан мөчүүд аль болох олон тохиолдоосой гэж хүсэж буйгаа илэрхийлжээ.
Энэ удаагийн 200 сая воны хандивыг нэмснээр IU-ийн 2026 онд хувиасаа өгсөн нийт хандив 610 сая вонд хүрсэн байна.
Тэрээр өмнө нь тавдугаар сард Хүүхдийн баярыг тохиолдуулан 100 сая вон хандивласан бол төрсөн өдрөөрөө дахин 300 сая вон өгчээ.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр IU 2009 онд анхны томоохон хандивынхаа нэгийг өгснөөс хойш буяны үйлсэд тогтмол оролцож ирсэн байна. Түүний нийт хандивын хэмжээ өнөөдрийн байдлаар 6 тэрбум воноос давжээ.
Ийнхүү IU дебютынхаа 18 жилийн ойг зөвхөн уран бүтээлийн амжилтаа дурсах бус, тусламж шаардлагатай хүмүүст дэмжлэг үзүүлсэн томоохон хандивтайгаар тэмдэглэсэн байна.