Нүүр хуудас K-dramaLee Sun Kyun-ы хэргийн нууц мэдээллийг сэтгүүлчид задруулсан мөрдөгч хорих ял сонсжээ

Lee Sun Kyun-ы хэргийн нууц мэдээллийг сэтгүүлчид задруулсан мөрдөгч хорих ял сонсжээ

0 сэтгэгдэлүүд

Талийгаач жүжигчин Lee Sun Kyun-тай холбоотой хар тамхины мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг хэвлэлд задруулсан прокурорын мөрдөгчид шүүхээс хорих ял оноож, ялыг тэнссэн байна.

Есдүгээр сарын 18-нд Incheon District Court-ын шүүгч Gong Woo Jin албаны нууц задруулсан зэрэг хэрэгт цагдан хорилгүйгээр яллагдагчаар татагдсан “A” мөрдөгчид нэг жилийн хорих ял оноож, ялыг хоёр жилийн хугацаагаар тэнсэх шийдвэр гаргажээ.

Шүүх шийдвэрээ тайлбарлахдаа:

“Мөрдөн шалгалтад холбогдсон хүмүүсийн талаарх мэдээлэл задрах юм бол сэжигтэн нотлох баримтыг устгах, эсвэл мөрдөн шалгах байгууллагын нотлох баримт цуглуулах ажиллагаанд ноцтой саад учруулах эрсдэлтэй.

A нь Incheon District Prosecutors’ Office-д мөрдөгчөөр ажиллаж байхдаа тухайн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг олж авсан. Энэ нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж авсан нууц мэдээлэлд хамаарах тул A-г гэм буруутайд тооцож байна”

гэжээ.

Шүүх хурлын үеэр A буруутгалыг няцааж, “Энэ талаарх яриа прокурорын байгууллагын дотоодод аль хэдийн тархсан байсан. Би бусад ажилтнаас л сонссон” гэж мэдүүлсэн байна.

Гэвч шүүх уг тайлбарыг хүлээн аваагүй. Шүүгч:

“A мөрдөн шалгах ажиллагааны хэд хэдэн нууц мэдээллийг сэтгүүлчид өгснөөр төрийн хууль сахиулах байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг ноцтойгоор алдагдуулсан”

хэмээн дүгнэжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх үед A гар утсаа сольсон нь нотлох баримтыг нуух зорилготой үйлдэл гэж шүүх үзсэн байна.

Гэхдээ ял шийтгэлийг тогтоохдоо зарим нөхцөлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон харгалзжээ. Тухайлбал, A мэдээлэл задруулсныхаа төлөө санхүүгийн ашиг аваагүй, прокурорын мөрдөгчөөр 12 жилийн турш сахилгын шийтгэлгүй ажилласан, шагнал урамшуулал авч байсан, өмнө нь эрүүгийн ял шийтгэлгүй байсан зэрэг нөхцөлийг тооцсон байна.

A-г 2023 оны аравдугаар сард Gyeonggi мужид төвтэй өдөр тутмын сонины “B” нэртэй сэтгүүлчид хоёр удаа мэдээлэл өгсөн хэрэгт буруутгажээ.

Тэрээр Lee Sun Kyun хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр цагдаагийн урьдчилсан шалгалтад хамрагдаж байгаа тухай болон мөрдөн шалгах ажиллагааны явцын талаарх мэдээллийг дамжуулсан гэж прокурорууд үзсэн байна.

2023 оны аравдугаар сарын 19-нд тухайн хэвлэл “Топ од L мөрдөн шалгагдаж байна” гэсэн агуулгатай онцгой мэдээлэл нийтэлжээ.

Үүний дараа Lee Sun Kyun цагдаагийн байгууллагад гурван удаа дуудагдан байцаалт өгсөн бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд автомашин дотроос нас барсан байдалтай олдсон юм.

Lee Sun Kyun-ы мөрдөн шалгах ажиллагааны мэдээллийг задруулсантай холбоотой өөр хэргүүд ч шүүхэд шилжээд байна.

Ижил төстэй хэрэгт буруутгагдсан цагдаагийн байгууллагын хуучин ажилтанд анхан шатны шүүхээс нэг жил хоёр сарын хорих ял оноож, хоёр жилийн хугацаагаар тэнссэн байна. Прокурорын байгууллага уг шийдвэрийг давж заалдсан бөгөөд хэрэг одоогоор давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх