Монгол Улсыг “Eurovision Asia 2026” тэмцээний анхны удаагийн наадамд Beck Munkhbayar төлөөлөхөөр болжээ. Тэмцээний албан ёсны сайтад мэдээлснээр түүнийг Монголын төлөөлөгчөөр дотоод сонгон шалгаруулалтаар сонгосон байна.
“Eurovision Asia 2026” арваннэгдүгээр сарын 14-нд Тайландын Бангкок хотод болох бөгөөд Монгол Улс тус тэмцээнд анх удаа оролцох юм.
Beck Munkhbayar гэж хэн бэ?
Beck Munkhbayar нь дуучнаас гадна арга хэмжээний найруулагч, хөтлөгч, эдийн засагч мэргэжилтэй уран бүтээлч гэж тэмцээний албан ёсны мэдээлэлд танилцуулжээ.
Тэр Монголыг төлөөлөх уран бүтээлчээр сонгогдсон ч Бангкокийн тайзнаа ямар дуугаар оролцох нь хараахан шийдэгдээгүй байна.
Монголыг төлөөлөх дууг аравдугаар сарын 10-нд сонгоно
Beck-ийн “Eurovision Asia 2026”-д дуулах бүтээлийг “Mongolia’s Chosen One” нэртэй тусгай сонгон шалгаруулалтаар тодруулах аж.
Уг нэвтрүүлэг аравдугаар сарын 10-ны 21:00 цагт болох бөгөөд Beck хэд хэдэн дуугаар өрсөлдөнө. Үзэгчид өөрсдийн хамгийн их таалагдсан бүтээлд санал өгч, Монголыг “Eurovision Asia”-д төлөөлөх дууг сонгох боломжтой байна.
Санал хураалтад зөвхөн Монголын бус, бусад орны үзэгчид ч оролцох боломжтой гэж мэдээлжээ.
Сонгон шалгаруулалтыг YouTube болон CNBC-ээр үзэх боломжтой байна.
Монгол анхны “Eurovision Asia”-д оролцоно
“Eurovision Asia” тэмцээн энэ жил анх удаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд Монгол Улс оролцохоо албан ёсоор баталгаажуулсан орнуудын нэг болжээ.
Монголын талын нэвтрүүлэгчээр CNBC ажиллах бөгөөд Beck Munkhbayar Бангкокт эх орноо төлөөлөн тайзнаа гарах юм.
Одоо хамгийн их анхаарал татаж буй зүйл нь түүний ямар дуугаар өрсөлдөх вэ гэдэг асуулт болоод байна. Үүний хариу аравдугаар сарын 10-нд болох “Mongolia’s Chosen One” сонгон шалгаруулалтын дараа тодорхой болно.
1 comment
Монгол дуучид олон улсын тайзан дээр гарахыг харах үнэхээр сайхан байдаг шүү