Мягмар, 10 сар 27, 2026
Нүүр хуудас Урлаг“Харанга”-ын 37 жил: Монгол рокийн түүхийг бүтээлцсэн хамтлаг ойн өдрөө тэмдэглэж байна

“Харанга”-ын 37 жил: Монгол рокийн түүхийг бүтээлцсэн хамтлаг ойн өдрөө тэмдэглэж байна

0 сэтгэгдэлүүд

Монголын рок хөгжмийн нэрийн хуудас болсон “Харанга” хамтлаг байгуулагдсаны 37 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Хөгжимд дурласан залуусын олон жилийн өмнөх мөрөөдөл 1989 онд бодит биеллээ олж, тэр цагаас хойш “Харанга” Монголын рок хөгжмийн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг болон төлөвшжээ.

1989 оны аравдугаар сарын 26-нд Улсын драмын театрын тайзнаа “Амьдрал” нэртэй анхны тоглолтоо хийснээр тус хамтлагийн албан ёсны түүх эхэлсэн гэж үздэг. Өдгөө энэ үйл явдлаас хойш 37 жил өнгөрчээ.

Домогт бүрэлдэхүүн хэрхэн бүрдсэн бэ?

“Харанга” хамтлагийг Ц.Энхманлайн санаачилгаар байгуулсан бөгөөд түүний удирдлага дор Монголын рок хөгжмийн түүхэнд танигдсан бүрэлдэхүүн бий болсон юм.

Хамтлагийн гол бүрэлдэхүүнд Гавьяат жүжигчин Ц.Энхманлай ахлагч, гоцлол гитарчин, дуучнаар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат аргил гитарчин, дуучнаар, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн гоцлол дуучнаар ажиллаж иржээ.

Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Одсүрэн хэмнэлт гитар болон арын хоолой, Гавьяат жүжигчин Н.Пүрэвдаш бөмбөр, цохилуур хөгжмийг хариуцан хамтлагийн үндсэн өнгө төрхийг бүрдүүлсэн байна.

Хамтлагийн ахлагч Ц.Энхманлай хэдийгээр өдгөө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч түүний үүсгэн байгуулсан “Харанга”-ын уран бүтээлийн өв, хөгжмийн өнгө аяс өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Цомог бүр нь өөр өөр үеийг төлөөлжээ

“Харанга” 37 жилийн хугацаанд олон арван дуу бүтээж, хэд хэдэн цомгийг сонсогчдодоо хүргэсэн.

1997 онд “Эрин зууны хөг”, “Best of Haranga” цомгууд, 2000 онд “Бодлын тэнгис”, 2003 онд “Ертөнцийн өнгө”, 2007 онд “Special Edition Gold”, 2017 онд “Амьдрал-2” амьд цомгийг гаргаж байжээ.

Эдгээр бүтээл нь тус хамтлагийн уран бүтээлийн өөр өөр үе шатыг илэрхийлэхийн зэрэгцээ Монголын рок хөгжмийн хөгжлийн түүхтэй ч зэрэгцэн явсан юм.

1989 оноос өнөөдрийг хүртэл тайзнаас буугаагүй

“Харанга”-ын түүх зөвхөн цомгуудаар хязгаарлагдахгүй. Тус хамтлаг олон арван томоохон тоглолт, ойн арга хэмжээ зохион байгуулж, хэд хэдэн үеийн сонсогчдыг нэг дор цуглуулж иржээ.

1989 оны “Амьдрал” тоглолтын дараа 1991 онд “Дэлхий ертөнц”, 1993 онд “Миний рок”, 1994 онд таван жилийн ойн тоглолтуудаа хийсэн байна.

1995 онд “Тэртээх өдрүүд”, 1998 онд “Эрин зууны хөг”, 1999 онд “Сэтгэлд шингэсэн дуунууд” болон 10 жилийн ойн тоглолтоо толилуулжээ.

Үүний дараа 2003 онд “Ертөнцийн өнгө”, 2004 онд 15 жилийн ой, 2009 онд 20 жилийн ой, 2011 онд “Амьдрал 2” тоглолтоо хийсэн байна.

2013-2014 онд 25 жилийн ойн тоглолтуудаа зохион байгуулж, 2016 онд “Улаанбаатарын үдэш” Үндэсний их баяр наадмын тоглолт болон “Алдрын од” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцжээ.

2018 онд “Хайрла…”, 2019 онд 30 жилийн ойд зориулсан “Замд гаръя” тоглолтоо хийсэн бол 2022 онд “Legendary HARANGA: Greatest hits”, 2024 онд “Амьдрал” амьд хөгжмийн наадам, 2026 онд “Уянгалан дуулагч гитар” тоглолтоо үзэгчдэд хүргэсэн байна.

Ийнхүү “Харанга” хамтлаг 37 жилийн турш нэгэн үеийн дурсамж төдий бус, Монголын рок хөгжмийн амьд түүхийн нэг хэсэг байсаар иржээ.

Анхны “Амьдрал” тоглолтоос эхэлсэн энэ зам өнөөдөр ч үргэлжилж, тэдний дуунууд шинэ үеийн сонсогчдод хүрсээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх