“The Voice of Mongolia” шоуны дөрөвдүгээр улирлын төгсгөлийн шат өндөрлөж, дуучин Наагий шүүгч, дасгалжуулагчийн багийн оролцогч Э.Амин-Эрдэнэ ялагчаар тодорлоо. Тэрээр шоуны турш өвөрмөц өнгө аястай, хүчтэй дуу хоолой, тайзны мэдрэмжээрээ үзэгч, шүүгчдийг байнга байлдан дагуулж, эцэст нь цомын эзэн болж чадсан юм.
3000 гаруй өрсөлдөгчийн дундаас тодорсон шинэ од
“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн IV улирлын шалгаруулалтад нийт 3000 гаруй хүн бүртгүүлж, урьд шатны шалгаруулалтад оролцсоноос “Blind audition” буюу нүдэн дээргүй шалгаруулалтын үе шатанд 100 гаруй оролцогч тайзан дээр гарч ур чадвараа сорьсон.
Эдгээр олон авьяаслаг залуусаас эхлээд шүүгчдийн багт сонгогдон, улмаар шат ахин өрсөлдөж, финалд тунаж үлдсэн Э.Амин-Эрдэнэ Наагийн багийг төлөөлөн оролцож, финалын тоглолтод өөрийн өнгө төрх, өвөрмөц дуу хоолойгоо бүрэн харуулж, үзэгчдийн дэмжлэг, шүүгчдийн үнэлгээгээр улирлын албан ёсны ялагчаар тодорлоо.
Ингэснээр “The Voice of Mongolia” шоу шинэ ялагчаа төрүүлж, дотоодын хөгжмийн тайзанд өөрийн дуу хоолойгоороо тодорч буй залуу уран бүтээлчийн дараагийн алхамд олон нийтийн анхаарал төвлөрч байна.