Нүүр хуудас УрлагГоцлол дуучин О.Анхчимэг “Уяхан замбуу тивийн наран” бие даасан тоглолтоо толилуулна

Гоцлол дуучин О.Анхчимэг “Уяхан замбуу тивийн наран” бие даасан тоглолтоо толилуулна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Улаанбаатар” театрын гоцлол дуучин О.Анхчимэг “Өв соёлоо түгээн дэлгэрүүлж, магтан дуулъя” хэмээх эрхэм уриан дор өөрийн бие даасан “Уяхан замбуу тивийн наран” тоглолтоо хийхээр зурхай зуржээ. Сонсогч олноо үндэсний урлагийн гайхамшгаар ундаалах эл тоглолт зургаадугаар сарын 12-ны өдөр “Корпорэйт” зочид буудлын тоглолтын их танхимд эгшиглэх гэж байна. Тоглолт болоход яг нэг долоо хоногийн хугацаа үлдээд буй бөгөөд дуучин бүсгүй өдөр бүр эрчимтэй бэлтгэл хангаж, үзэгч олноо Анхаагаа дэмжин үндэсний соёлоороо бахархахыг уриалан догдолж суугаагаа хуваалцжээ.

Нүүдэлчдийн амьдралаас ургасан гайхамшигт өв

Монгол ардын уртын дуу бол дахин давтагдашгүй чанараараа дэлхийд гайхагддаг том соёл юм. Уртын дуу гэх нэршил нь дууны үргэлжлэх хугацаанаас бус, шүлгийн үг бүрийг нугалаа айзам гарган сунжруулж, уртаар шуранхайлан дуулдаг арга барилаас нь үүдэлтэй. Тиймдээ ч олон улсын тайлбар тольд “дөрвөн минут үргэлжлэх дуунд ердөө арав орчим үг багтах нь бий” хэмээн онцолсон байдаг. Утга агуулгын хувьд гүн ухаан, шашин, хайр дурлал, баяр ёслолын сэдэвтэй бөгөөд монгол хүний аж байдлыг илтгэх морь болон бэлгэдлийн үгс голчлон давтагддаг.

Уртын дууны өнөөг хүртэлх хөгжил болон түүний онцлогуудыг тоймловол:

  • Дэлхийн өвд бүртгэгдсэн нь: НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) 2005 онд уртын дууг шилдэг урлагийн өв бүтээл хэмээн тунхаглаж, Дэлхийн соёлын өвд албан ёсоор бүртгэсэн.
  • Үндсэн ангилал: Монгол ардын уртын дууг дотор нь айзам, суман, бэсрэг гэж гурав хуваадаг бөгөөд нум сумын уухай, бөхийн уухай, хурдан морины гийнгоо зэрэг нь бүгд уртын дууны түрлэгт багтдаг.
  • Нөөц ба хэрэглээ: Судлаачдын үзэж байгаагаар нийт 6 мянга гаруй уртын дуу байдгаас өдгөө цагт 60 орчим нь л олон нийтийн дунд идэвхтэй дуулагдаж байна.
  • Бүс нутгийн ялгаа: Төв халхынхан аялгуугаа морин хуур, лимбэтэй хоршуулан дуулдаг бол баруун монголчууд голдуу бэсрэг дууг ямар нэгэн хөгжмийн зэмсэггүйгээр, дан хоолойн шуранхайгаар уянгалуулж, цөөн хэсэг нь икэл хуур ашигладаг.
О.Анхчимэг

Амьсгааны урлаг ба хоолойн чадал

Уртын дууны амин сүнс бол амьсгаа авах буюу амьсгааны нарийн урлаг юм. Нугалаа, айзам, цохилог, шуранхай зэргийг маш урт амьсгаа, чанга хоолойгоор дуулдаг нь дуучнаас асар их ур чадвар шаарддаг. Түүнчлэн дээд өнгө, дан болон давхар шуранхай, тавилт гэх мэт хүний хоолойны цар хүрээ, чадлыг тултал нь шалгадаг тул уртын дууг дэлхийн хэмжээний сонгодог том урлаг хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрдөг билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх