Нүүр хуудас Уран сайханХ.Бадамгэрэл “Miss Grand International 2026”-д Монголын нэр ашигласан асуудлаар албан шаардлага хүргүүлжээ

Х.Бадамгэрэл “Miss Grand International 2026”-д Монголын нэр ашигласан асуудлаар албан шаардлага хүргүүлжээ

0 сэтгэгдэлүүд

Топ модель Х.Бадамгэрэл “Miss Grand International 2026” тэмцээний албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan нэртэй оролцогчийг Монгол Улсын төлөөлөгчөөр бүртгэж, төрийн далбаа болон “Mongolia” гэсэн нэртэй тууз ашиглуулж буй асуудлаар зохион байгуулагчдаас албан ёсны тайлбар шаарджээ.

Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлж, Монгол Улсын нэр, төрийн далбаа болон үндэсний төлөөллийн эрхийг ямар үндэслэлээр ашиглаж байгааг олон нийтэд тодорхой мэдээлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Оролцогчийн эрх зүйн үндэслэлийг тодруулахыг хүсжээ

Х.Бадамгэрэлийн зүгээс Amber Yuhan Монгол Улсын иргэн мөн эсэх, Монголыг төлөөлөх ямар хууль ёсны үндэслэлтэй болох, ямар сонгон шалгаруулалтаар тэмцээнд оролцох эрх авсан талаар ил тод мэдээлэл байхгүй байгааг онцолжээ.

Мөн Монгол Улс дахь “Miss Grand International”-ийн лицензийг одоогоор хэн эзэмшиж байгаа, төлөөлөгчийг ямар журмаар сонгон томилсон талаар албан ёсны мэдээлэл нийтэд хүрээгүй гэж дурдсан байна.

Тиймээс дээрх асуултуудад тэмцээний зохион байгуулагч байгууллагаас тодорхой, баримтад тулгуурласан тайлбар өгөхийг шаарджээ.

“Miss Grand International” байгууллагад цахим шуудан илгээсэн байна

Х.Бадамгэрэл өөрийгөө “ANDRA Academy”-ийн үүсгэн байгуулагч, Монголын гоо сайхан болон загварын салбарт 20 гаруй жил ажилласан мэргэжилтэн гэдгээ танилцуулсан байна.

Түүнчлэн 2015 оноос хойш олон улсын гоо бүсгүйн тэмцээнд Монголын оролцогчдыг бэлтгэж ирсэн менторын хувиар энэ асуудалд байр сууриа илэрхийлж байгаагаа тайлбарлажээ.

Тэрээр “Miss Grand International” байгууллагын холбогдох хаяг руу албан шаардлага бүхий цахим шуудан илгээж, Монгол Улсыг төлөөлж буй гэх оролцогчийн статус болон лицензийн асуудлыг тодруулахыг хүссэн байна.

Мөн уг мэдээллийг олон нийтэд түгээж, зохион байгуулагчдаас албан ёсны хариу авахад дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.

Ийнхүү “Miss Grand International 2026”-д Монгол Улсын нэр, төрийн далбааг ашиглан оролцож буй Amber Yuhan-тай холбоотой маргаан үргэлжилж, энэ удаа Х.Бадамгэрэл зохион байгуулагчдад албан шаардлага хүргүүлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх