УДЭТ-ын уран бүтээлчид найруулагч Э.Билгүүний найруулгаар “Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг үзэгчдэд толилуулах гэж байна. Энэхүү бүтээлийг ирэх наймдугаар сарын 17-нд зөвхөн нэг удаа тоглохоор төлөвлөжээ.
Чингис хааны түүхийг физикл перформансаар өгүүлнэ
“Хаадын хаан Чингис хаан” физикл перформанс нь Тэмүүжиний мэндэлсэн мөчөөс эхлэн Монголын аймгуудыг нэгтгэж, Чингис хаан хэмээх алдрыг хүртэх хүртэлх түүхэн замналыг тайзны хөдөлгөөн, дүрслэл, жүжиглэлтээр дамжуулан харуулах бүтээл юм.
Хиад овгийн Есүхэй баатар Татар аймагтай тулалдаж, Тэмүүжин Үгэ, Хори буха баатруудыг ялснаар үйл явдал эхэлнэ. Түүний хатан Өэлүн эхийн хэвлийд бүрэлдэх хүүхдийн талаар их зайран “Мөнх хөх тэнгэр их хувь заяатныг илгээж байна” хэмээн зарласнаар ирээдүйн их хааны хувь тавилан тодорно.
Ийнхүү Онон мөрний хөвөөнд баруун гартаа нөж атган Есүхэй баатрын хүү Тэмүүжин мэндэлдэг.
Бөртэтэй сүй тавьсан нь
Есүхэй баатар Хонгирад аймгийн ноён Дай Сэцэнийд саатах үедээ түүний охин Бөртэг хүү Тэмүүжинтэй ураг барилдуулж, сүй тавина.
Гэвч Есүхэй баатар Татаруудад хорлогдон нас барсны дараа Тэмүүжиний гэр бүл хүнд сорилттой нүүр тулна. Овог аймаг нь тэднийг орхин одож, Өэлүн эх хүүхдүүдээ эв нэгдэлтэй, тэсвэр хатуужилтай, зоригтой хүн болгон өсгөдөг.
Энэ үеийн нэгэн эмгэнэлт үйл явдал нь Тэмүүжин эцэг нэг, эх ондоотой ах Бэгтэртэйгээ загас булаацалдан, түүнийг нумаар харваж хороосон явдал юм.
Бөртэг эргүүлэн авч, их гэр бүлээ байгуулна
Тэмүүжин эрийн цээнд хүрээд Бөртэг гэргийгээ болгоно. Гэвч Мэргидүүд Бөртэг олзлон авч явснаар Тэмүүжиний амьдралд дахин том сорилт тулгарна.
Тэрээр Жамуха болон Ван хан Тоорил нарын тусламжтайгаар Мэргидүүдтэй дайтаж, Бөртэг буцаан авчирдаг.
Бөртэ хожим Чингис хааны хамгийн итгэлт хань болж, Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй хэмээх дөрвөн хүүг төрүүлнэ.
Дөрвөн хүүдээ эв нэгдлийг захина
Бүтээлд Чингис хааны дөрвөн хүү эр бяраа гайхуулан тэмцэлдэж буй хэсэг ч багтжээ.
Тэр үед Чингис хаан хөвгүүддээ “Эвтэй байгтун, бие биеэ түшиглэ. Монголын эзэнт гүрний төрийн жолоог залах хөвүүд минь” хэмээн захиад аян дайнд мордохоор дүрслэгдэнэ.
Энэ хэсэг нь Монголын төр, эзэнт гүрний ирээдүй эв нэгдэл дээр тогтох ёстой гэсэн санааг онцолж байна.
Жамуха, Тэмүүжин хоёрын андлал ба эмгэнэл
Тэмүүжин, Жамуха нарын харилцаа уг перформансын чухал хэсгийн нэг юм.
Жамуха өөрийгөө Гүр хаанд тунхаглаж, гурван удаа анд барилцсан Тэмүүжинээсээ андын тангаргаа зөрчсөн тул хороогдоно. Харин Тэмүүжин Жамухыг хороосондоо ихэд харамсаж, эртний ёс заншлын дагуу хүндэтгэлтэйгээр оршуулдаг.
Энэ үйл явдал нь эрх мэдэл, андлал, үнэнч чанар, түүхэн сонголтын хүнд ачааг тайзнаа тод харуулах бололтой.
1206 онд Чингис хаан цол хүртэнэ
Тэмүүжиний сэтгэл үймрэх мөчид Өэлүн эхийн дуу хоолой салхиар дамжин сонсогдож, түүнд эзэнт гүрнийг нэгтгэх хүч, итгэл найдварыг өгнө.
Улмаар 1206 онд Тэмүүжин Монголын аймгуудыг нэгтгэж, Чингис хаан хэмээх цолыг хүртдэг. Түүний суу алдар цаашид дэлхий дахинд түгэх хувь тавилан ийнхүү эхэлнэ.
“Хаадын хаан Чингис хаан” физикл перформанс нь Монголын түүхэн ой санамж, үндэсний бахархал, их хааны замналыг тайзны өвөрмөц хэлбэрээр үзэгчдэд хүргэх онцгой бүтээл болохоор байна.