Европ руу чиглэх шалтгаанаа “ажлын эрх чөлөө”-тэй холбов
“Twilight” цувралаар танигдсан жүжигчин Кристен Стюарт ерөнхийлөгч Дональд Трампын улмаас АНУ-д уран бүтээлээ чөлөөтэй хийх боломж хумигдаж байна гэж үзэн, Европт илүү тогтвортой ажиллах талаар бодож эхэлснээ ярьжээ. Тэр “The Times” хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Америкт чөлөөтэй ажиллаж чадахгүй байгаа тул Европт кино бүтээж, карьер эхлүүлэх талаар бодож байгаа” гэжээ.
Стюартын найруулсан анхны уран бүтээл болох “The Chronology of Water”-ын зураг авалтыг Латви улсад хийсэн бөгөөд уг бүтээлийг АНУ-д ч хийх боломж байсан гэж тэр хэлсэн байна. Тэр Лос Анжелес, Нью-Йорк хотуудын хооронд амьдардаг ч цаашид эх орондоо тогтмол амьдрахгүй байж магадгүй гэжээ.
100 хувийн тарифын заналхийлэл кино салбарт “байж боломгүй” гэж үзэв
Трамп АНУ-аас өөр улсад бүтээсэн кинонд 100 хувийн тариф тогтооно гэж заналхийлсэн нь салбарын хувьд бодит бус, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй алхам гэж Стюарт байр сууриа илэрхийлсэн байна. Тэр “Трампын эрин үед бодит байдал бүрэн сүйрч байна. Бид түүний энэ номоос өөрсдийн хуудсаа салгаж аваад, амьдрахыг хүссэн газартаа бодит байдлыг бүтээх хэрэгтэй” гэж тэр хэлжээ.
Мөн Стюарт АНУ-д уран бүтээлээ хийх орчин улам хязгаарлагдаж байна гэсэн байр сууриа үргэлжлүүлэн “Би энд чөлөөтэй ажиллаж чадахгүй байна. Гэлээ гээд бүрэн бууж өгөхгүй. Би Европт кино үйлдвэрлэж, түүнийгээ америкчуудын ам руу чихэх болно” гэж Стюарт хэлжээ.
Трампын тайлбар, Ньюсомын шүүмжлэл, Стюарттай холбоотой хуучин жиргээнүүд
Трамп тарифын нэмэгдлийнхээ талаар тайлбарлахдаа “Манай кино бүтээгчдийн бизнесийг бусад улс яг л хүүхдээс чихрийг нь авч байгаа юм шиг хулгайлдаг. Сул дорой, ур чадваргүй захирагчтай Калифорни муж ялангуяа үүнд өртдөг. Энэ хэзээ ч дуусдаггүй асуудлыг урт хугацаандаа шийдэхийн тулд АНУ-аас бусад улсад хийсэн бүх төрлийн кинонд 100 хувийн тариф ногдуулах болно. Анхаарал тавьсанд баярлалаа. АМЕРИКИЙГ ДАХИН АГУУ БОЛГОЁ” гэж байв.
Калифорнийн захирагч Гэвин Ньюсом уг шийдвэр хэрэгжвэл АНУ-ын кино урлагт нөхөж баршгүй хохирол учруулна гэж мэдэгдэж, шийдвэрийг хүчтэй шүүмжилсэн талаар мэдээлжээ. Гэхдээ одоогоор 100 хувийн тариф хэрэгжиж эхэлсэн зүйлгүй байна.
Трамп өмнө нь Кристен Стюартын талаар олон нийтийн сүлжээнд үг хэлж байсан удаатай. Стюарт “Twilight”-д хамтран тоглосон Роберт Паттинсонтой үерхдэг байхдаа түүнийг хуурсан гэх цуу яриа дэгдэж байсан үеэр Трамп “Роберт Паттинсон түүнтэй дахиж нийлэх хэрэггүй. Кристен Стюарт түүнийг яг л нохой шиг хуурлаа, дахиад ч хуурах болно. Харж л байгаарай. Роберт үүнээс илүүг хийж чадна” гэж байв. Мөн хэд хоногийн дараа дахин “Роберт Паттинсон Кристен Стюартыг зайлуулах хэрэгтэй гэдэг дээр би зөв хэлсэн биз дээ. Хэдэн жилийн дараа тэр надад баярлах болно. Ухаантай бай, Роберт” гэжээ.