Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа дөрөвдүгээр сарын 26, 27-нд Ж.Вердийн “Макбет” дуурийг дахин толилуулахаар болжээ. Энэ удаагийн тоглолтын онцлох дүрүүдийн нэг нь “Макбет” бөгөөд уг дүрийг Монгол Улсын Соёлын элч, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Анхбаяр бүтээх юм байна.
“Макбет” дуурь нь эрх мэдэл, дарангуйлал, хүний шунал хүсэл, нөхөрлөлийн хил хязгаар хаана төгсдөг вэ гэсэн гүн агуулгыг хөнддөгөөрөө сонгодог урлагийн үнэ цэнтэй бүтээлүүдийн нэгт тооцогддог. Энэ утгаараа үзэгчдийг зөвхөн хөгжмийн мэдрэмжээр бус, сэтгэлзүйн хүчтэй драматик өрнөлөөр татдаг онцгой бүтээл юм.
Ж.Вердийн хамгийн алдартай гурван дуурийн нэг болох “Макбет” нь Уильям Шекспирийн алдарт эмгэнэлт зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн. Энэхүү дуурь нь бусад олон сонгодог бүтээлээс ялгаатай нь хайр дурлалын шугамд төвлөрдөггүй, харин эрх мэдлийн төлөөх дотоод тэмцэл, хүний сэтгэлийн харанхуй талыг илүү тод гаргадгаараа өвөрмөц байр суурь эзэлдэг.
Ийм онцлогийнхоо ачаар “Макбет” дэлхийн нэр хүндтэй театруудын тайзнаа тогтмол тоглогддог, урлагийн өндөр шалгуурт тооцогддог дууриудын нэг хэвээр байна.
