Нүүр хуудас Театр“Монгол хаан” жүжиг 2026 онд Марийнский театрын тайзнаа тоглогдоно

“Монгол хаан” жүжиг 2026 онд Марийнский театрын тайзнаа тоглогдоно

0 сэтгэгдэлүүд

Монголын театрын урлагийг олон улсад таниулж буй “Монгол хаан” жүжгийг 2026 оны есдүгээр сарын 18, 19-нд ОХУ-ын алдарт Марийнский театрын тайзнаа тоглохоор болжээ. Энэ удаад уг жүжиг Олон улсын Номхон далайн театрын наадмыг албан ёсоор нээхээр төлөвлөгдсөн байна.

Олон улсын наадмын түүхэн байр суурь

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар А.П.Чеховын нэрэмжит олон улсын театрын наадам ажиллаж байгаа аж. 1992 онд анх зохион байгуулагдсан энэхүү наадам нь Орос улсад зохион байгуулагддаг анхны бөгөөд хамгийн том олон улсын театрын арга хэмжээний нэг бөгөөд дэлхийн нэр хүндтэй театрын форумуудын тоонд багтдаг гэж мэдээллээ. Наадам байгуулагдсанаас хойш 30 жилийн хугацаанд Москва болон Оросын бусад хотуудад 54 орны 600 гаруй бүтээлийг толилуулсан байна.

Туршлагаа олон улсын уран бүтээлчидтэй хуваалцана

Наадмын хүрээнд “Монгол хаан” жүжгийн баг Монголын театрын урлагийг олон улсын өрсөлдөөнт зах зээл дээр экспортолж буй туршлагаа тус наадамд оролцохоор ирсэн уран бүтээлчидтэй хуваалцахаар болжээ.

Дэлхийн тайзнаа тоглосон замнал

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй Төр” жүжгийн олон улсын хувилбар болох “Монгол хаан” 2023 онд Английн “Колизеум” театрт дэлхийн нээлтээ хийж, 30 мянга орчим үзэгчтэйгээр амжилттай тоглогдсон гэж мэдээлэв. Үүний дараа олон улсын продюсеруудын үнэлгээ өндөр хэвээр үргэлжилж, 2024 онд Сингапурын “Марина Бэй Сандс”-ын театрт 22 удаа, 2025 онд Японы Токио болон Нагоя хотуудад 30 удаа тоглон үзэгчдэд хүрчээ.

300 мянган үзэгчдэд хүрсэн олон улсын төсөл

Театрын бүтээлийг олон улсад өрсөлдөхүйц түвшинд хөгжүүлэхийн тулд олон зуун уран бүтээлчдийн хамтын хөдөлмөр, олон жилийн тасралтгүй хөгжүүлэлт шаарддаг гэдгийг “Монгол хаан” жүжгийн жишээ тод харуулж буйг онцолжээ. Өдгөө олон улсын хамтарсан театрын төсөл болтлоо өргөжсөн уг бүтээл дотоод, гадаадын нийт 300 мянган үзэгчдэд хүрч, Монгол соёлыг дэлхийд сурталчилсаар байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх