Нүүр хуудас УрлагОтгонтэнгэрийн тахилгын үеэр ‘Хурд’ хамтлаг тоглолтоо хийв

Отгонтэнгэрийн тахилгын үеэр ‘Хурд’ хамтлаг тоглолтоо хийв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд төрийн их тахилгын ёслол үйлдэж байх үед тус аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачилсан ‘Хурд’ хамтлагийн хүндэтгэлийн тоглолт уулын өвөрт зохион байгуулагдлаа. Энэхүү хамтлаг нь Монгол Улсын Төрийн соёрхолт бөгөөд Завхан аймгийн уугуул юм.

Монголын рок, поп урлагийн хөгжилд эх орон, уул ус, нутгаа магтан дуулсан олон бүтээлээрээ тод мөрөө үлдээсэн ‘Хурд’ хамтлаг энэ удаагийн тоглолтоороо Төрийн их тахилгын ёслолын утга учир, сүр жавхааг урлагаар дамжуулан илэрхийлж, Отгонтэнгэр уулын өвөрт хуран цугласан нутгийн иргэд, сүсэгтэн олон, зочид төлөөлөгчдөд мартагдашгүй нэгэн үдшийг бэлэглэлээ.

Тоглолтын үеэр эх орон, байгаль дэлхий, уул ус, нутаг орноо дээдэлсэн уран бүтээлүүд эгшиглэж, үзэгчид мөнх цаст Отгонтэнгэр уулын ариун дагшин орчинд эх оронч үзэл, эв нэгдэл, нутаг усныхаа үнэ цэнийг хамтдаа мэдэрсэн юм. Дуу хуурын аялгуу, байгалийн сүр хүч хосолсон энэхүү тоглолт нь төрийн их тахилгын ёслолын уур амьсгалыг улам өргөж, өв соёлоо хүндэтгэх, нутгийн иргэдийн нэгдэл, бахархлыг бэхжүүлсэн онцгой үйл явдал болсныг оролцогчид онцлон тэмдэглэж байлаа.

Тус тоглолтын ивээн тэтгэгчээр Монголын Морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач мөн Завхан Даян дэвжээний тэргүүн Дашзэвэгийн Дагвадорж ажиллаж, Завхан аймгийн Нутгийн зөвлөлтэй хамтран тоглолтыг зохион байгуулсан байна.

Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс мэдээлснээр, Отгонтэнгэр уулын төрийн их тахилгын ёслолын утга учир, сүр жавхааг урлагийн бүтээлээр илэрхийлсэн энэхүү тоглолт нь хайрхнаа дээдлэн хүндэтгэх сүсэг бишрэл, үндэсний өв соёл, эх оронч үзэл, нутгийн иргэдийн эв нэгдэл, бахархлыг бэхжүүлсэн онцгой үйл явдал болсон гэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх