Нүүр хуудас Театр“Түүний буруу”: дижитал эрин дэх эцэг эх–хүүхдийн нууц зөрчил тайзнаа дэлгэгдэнэ

“Түүний буруу”: дижитал эрин дэх эцэг эх–хүүхдийн нууц зөрчил тайзнаа дэлгэгдэнэ

0 сэтгэгдэлүүд

Классик зохиолуудаас орчин үеийн сэтгэлзүйн драм руу

Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драм, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг, Александр Дюмагийн алдарт бүтээл дээр тулгуурласан “Шадар гурван цэрэг” физикл драм, мөн Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолоос урган гарсан “Сүүлчийн бороо” мета драм зэрэг бүтээлээрээ үзэгчдэд танигдсан “Про” театр уран бүтээлийнхээ дараагийн алхмыг хийхээр бэлтгэж байна.

Оросын шилдэг залуу найруулагчтай хамтарсан шинэ төсөл

“Про” театр Оросын театрын холбоотой хамтран ОХУ-ын залуу үеийн шилдэг найруулагчдын нэг Екатерина Шиховаг урьж, орчин үеийн жүжгийн зохиолч Андрей Ивановын “Это все она” бүтээлээс сэдэвлэсэн “Түүний буруу” нэртэй орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг тавихаар ажиллаж байна.

Андрей Ивановын энэ зохиол бичигдсэн цагаасаа хойш ОХУ-д төдийгүй олон орны тайзан дээр амжилттай тавигдсаар байгаа бөгөөд орчин үеийн драматургийн шилдэг бүтээлийн тоонд ордог.

Ганц бие эх, өсвөр насны хүү, хоёр ертөнцийн зөрчил

“Түүний буруу” жүжгийн гол тэнхлэг нь ганц бие эх, өсвөр насны хүү хоёрын харилцаа дээр төвлөрнө. Бодит амьдрал дээр ээж нь хүүтэйгээ ойлголцож, ойртох гэж оролдох тусам тэдний хоорондын зай улам л холдож, нэг гэрт амьдарч байгаа хэр нь бие биедээ “танихгүй хүмүүс” болж хувирна.

Энэ цэгээс эхлэн эх хүн бодит амьдралын харилцаанд бүтэлгүйтсэнээ дижитал орчинд нөхөхийг оролдох бөгөөд нийгмийн сүлжээг ашиглан хүүгийнхээ онлайн ертөнцөд “өөр хүний дүрээр” нэвтэрч, түүнтэй харилцаж эхлэхэд жүжгийн гол драм, хурц зөрчил үүснэ.

Дижитал орчны нөлөө, ганцаардал, харилцааны хямрал

Жүжиг өнөөдрийн нийгэмд бодитоор тулгараад буй хэд хэдэн эмзэг сэдвийг зэрэг хөндөнө. Тухайлбал:

  • эцэг эх–хүүхдийн харилцааны гүн хямрал
  • нийгмийн сүлжээ, онлайн орчны нөлөөгөөр бодит харилцаа алдагдах эрсдэл
  • ганцаардал, үл ойлголцлоос үүдэлтэй дотоод зөрчил
  • хайр халамжийг буруу, нууц аргаар илэрхийлэх оролдлогын үр дагавар

Эдгээрийг нэг өрхийн дотор өрнөх сэтгэлзүйн ширүүн тулаанаар дамжуулан үзүүлснээр үзэгч өөрийн амьдрал, гэр бүлийн харилцаатай зайлшгүй зэрэгцүүлэн бодоход хүрэхээр бүтээгдсэн орчин үеийн драматик зохиол юм.

Монголын өнөөдрийн амьдралтай огтлолцох цэгүүд

Хотжилт хурдацтай явагдаж, амьдралын хэмнэл түргэссэн, өсвөр насныхны цахим хэрэглээ эрчтэй өссөн өнөө үед Монголын гэр бүлүүд ч ижил төстэй асуудалтай тулгарч байна. Гэр бүлийн гишүүд нэг дор амьдарч байгаа ч тус бүрдээ дэлгэцийн ард, өөр өөр виртуал ертөнцөд “амьдардаг” болсон энэ цаг үед “Түүний буруу” жүжгийн түүх үзэгчдэд бодитой, танил, заримдаа таагүй танил мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй.

Орчин үеийн театрын хэл, найруулга, сэтгэлзүйн нарийн өнгө аясыг хослуулсан энэхүү бүтээл нь үзэгчид өөрийгөө, өөрийн хүүхэд, эцэг эх, ойр дотны хүмүүсийг тайзнаас хөндлөнгийн нүдээр харах, нөхцөл байдлаа өөр өнцгөөс мэдрэх боломж олгохоор чиглэгдсэн.

Тоглолтын тов, тоглогдох газар, тасалбар

“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжиг ирэх гуравдугаар сарын 5-наас эхлэн РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн тайзнаа тоглогдоно. Жүжгийн тасалбарыг Ticket.mn цахим системээр худалдаалж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх