2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн нийт шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгүүдийг заавал бүрэн бүрдүүлсэн байх шаардлагатай. Бичиг баримтын дутуугаас болж жилийн хөдөлмөрөө үрэх аюултай тул дараах жагсаалтыг сайтар нягтлаарай.
Шалгалтын байранд авч очих баримт бичгүүд
- Бүртгэлийн хуудас: Энэхүү хуудас нь QR кодоор заавал баталгаажсан байх ёстой. Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч, “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгон “Хэвлэх” товчлуур дээр дарж хэвлэж авна.
- Суудлын хуваарь: Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn хаягийн “Шалгуулагчийн булан” руу нэвтэрч, “Суудлын хуваарь” хэсгээс хэвлэн авах үүрэгтэй.
- Иргэний үнэмлэх: Шалгалтын байранд иргэний үнэмлэх эсвэл түүнтэй дүйцэхүйц хууль ёсны баримт бичгийг эх хувиар нь авчирна.
- Боловсролын гэрчилгээ: Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичгийг заавал биедээ авч явна.
Шалгалтын цагийн хуваарь болон чухал анхааруулга
Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан албан ёсны цагаас нэг цагийн өмнө шалгалтын байрандаа бэлэн байх ёстой. Мөн шалгалт өгөх анги, танхимдаа цаг эхлэхээс 10 минутын өмнө орж, өөрийн суудлаа эзэлсэн байхыг анхаарна уу.
Хэрэв дурдсан хугацаанаас ганц л минут хожимдсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад огт оруулахгүй болохыг мэргэжлийн байгууллагаас хатуу анхааруулж байна. Тиймээс замын түгжрэл болон бусад эрсдэлийг тооцож, шалгалтын байрандаа эрт очихыг зөвлөж байна.