Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр сурагчдын бүтээлч санаа, шинжлэх ухааны шийдлүүдээр дүүрэн байлаа. “Аюулгүй түлш, Аюулгүй ирээдүй” үзэсгэлэнд нийслэлийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 159 гаруй сурагч оролцож, агаарын бохирдлыг бууруулах болон хийн түлшний аюулгүй хэрэглээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн 43 төслөө танилцууллаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын зарим бүсийг үе шаттайгаар хийн түлшинд шилжүүлж эхлээд буй. Өдгөө Чингэлтэй болон Баянгол дүүргийн зарим хороонд хийн түлшээр ажилладаг зуух нэвтрүүлээд байгаа бөгөөд энэхүү түлш нь харьцангуй аюулгүй ч гал түймрийн болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, зөв хэрэглээг иргэдээс шаардаж байгаа юм.
Уралдааны зорилго ба зохион байгуулагчид
НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон холбогдох бусад байгууллагууд хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Аюулгүй хийн түлш, Аюулгүй ирээдүй” бүтээл, нийгмийн сүлжээний богино контентын уралдааныг зохион байгуулжээ. Уралдааны гол зорилго нь сурагчдын олж авсан мэдлэгийг гэр бүл, найз нөхөд болон орон нутгийн иргэдэд түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна.
Энэ жилийн онцлог
“Шинжлэх ухааны бүтээлийн уралдааныг бид тав дахь жилдээ зохион байгуулж байна. Харин энэ жилийн уралдааны онцлог нь хийн түлшний аюулгүй хэрэглээний талаарх сэдвийн хүрээнд хүүхдүүдээс бүтээл авсанд оршиж байгаа юм” хэмээн “Ногоон титэм” ХХК-ийн төлөөлөгч Д.Алтангадас онцоллоо.
Үзэсгэлэнгийн талбайд сурагчид бүтээл бүрийнхээ өмнө зогсож, шүүгчид болон зочдод өөрсдийн судалгаа, шинэлэг санаагаа тайлбарлан танилцуулж байв. Тэдний зарим нь хийн түлшний аюулгүй хэрэглээний талаар мэдээлэл хүргэж байсан бол нөгөө хэсэг нь болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх практик арга замуудыг бүтээлдээ тусгасан байлаа.