Монголын үзэгчдийн хүлээлтийг үүсгээд буй “SUPER CONCERT: SPECIAL” тоглолт маргааш SocialPay Park-д болох гэж байна. Тус арга хэмжээний гол уран бүтээлчээр дэлхийн хөгжмийн тавцанд Өмнөд Солонгосын нэрийг өргөн таниулсан PSY оролцож, Монголын фэнүүдтэйгээ уулзана.
Тоглолтын бүрэлдэхүүн зөвхөн PSY-гаар хязгаарлагдахгүй. Өмнөд Солонгосын уянгын дууны ертөнцөд хүчирхэг хоолойгоороо танигдсан, олон алдартай K-DRAMA бүтээлийн дууг амилуулсан BAEK Z YOUNG, мөн LEEHI, DOK2, NAVILLERA нар тайзнаа гарахаар болжээ.
Монголын уран бүтээлчдээс TATAR, BECCA, NAAGII, TA-COPY, VANDEBO, GANGBAY, GINJIN, DAVAIDASHA, GIRLS нар тоглолтод оролцож, үзэгчдэд өөрсдийн уран бүтээлээ хүргэнэ.
PSY маргааш 11:00 цагийн орчимд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Харин BAEK Z YOUNG өнөөдөр 12:00 цагийн үед Монголд ирэхээр болжээ.
Монголд анх удаа ирж буй BAEK Z YOUNG аяллынхаа өмнө өөрийн сошиал хуудсаар дамжуулан сэтгэгдлээ хуваалцсан байна. Тэрбээр:
“Эцэст нь Монгол руу явлаа. Анхны айлчлал минь болохоор догдолж байна!”
хэмээн бичжээ.
Түүнчлэн “SUPER CONCERT: SPECIAL” тоглолтын бас нэгэн содон оролцогч болох NAVILLERA хамтлаг өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн байна. Тус хамтлаг өнөөдөр тоглолтын бэлтгэлдээ орж, тайзны бэлтгэлээ хангаж байгаа аж.