Нээлтийн өдөр тодорлоо: Вуди, Базз нар 2026 онд эргэн ирнэ
Алдарт “Тоглоомын түүх” цувралын тавдугаар ангийг 2026 оны зургаадугаар сарын 19-нд нээхээр товлосон тухай мэдээллээ студи албан ёсоор баталгаажууллаа. Ингэснээр олон үеийн хүүхэд, эцэг эхийн хайртай болсон цуврал дахин кино театруудыг “эзлэх” бэлтгэлээ хангаж эхэлсэн гэсэн үг.
Шинэ ангид өмнөх хэсгүүдийн үйл явдлыг үргэлжлүүлж, тоглоомууд хүүхдийн ертөнцөд ямар байр суурьтай үлдэхээ дахин “батлах” оролдлого хийнэ гэж найруулагчийн баг онцолжээ.
Шинэ өрсөлдөгч: “Лили Пад” нэртэй электрон төхөөрөмж
Найруулагч Эндрю Стэнтон-ы хэлснээр энэ удаагийн ангид тоглоомуудын хамгийн том дайсан нь хүний биш, харин технологи өөрөө байх аж. Тодруулбал, хүүхдүүдийн анхаарлыг бүрэн эзэмдсэн “Лили Пад” нэртэй электрон төхөөрөмж гол зөрчил үүсгэгч хүч болон гарч ирнэ.
Тэрбээр дэлгэцийн донтолт, сошиал болон мобайл төхөөрөмжид автах хандлагыг хүүхэлдэйн киноны хэлээр үзэгчдэд харуулахыг зорьжээ. Иймээс гол дүрийн тоглоомууд анх удаа шинэ эзэн, шинэ өрөөнөөс гадна “шинэ үеийн өрсөлдөгч” болох ухаалаг төхөөрөмжтэй нүүр тулж, хүүхдийнхээ сэтгэлд байр сууриа хамгаалахыг хичээнэ.
Найруулагчийн байр суурь: бодит амьдралыг шууд тусгасан өрнөл
Эндрю Стэнтон шинэ ангийн концепцийн талаар ярихдаа, өнөөдрийн гэр бүлийн амьдрал, хүүхдийн хүмүүжилд гар утас, таблет, таблетын төрлийн төхөөрөмж ямар их нөлөөтэй болсныг нууцлах аргагүй гэж үзсэнээ хэлсэн.
Түүний хэлснээр:
“Орчин цагийн эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон, хүүхдүүдийн бүх анхаарлыг булааж буй гар утас, таблет, ipad гэх мэт электрон төхөөрөмж манай гол дүрийн тоглоомуудын дараагийн өрсөлдөгч болсон нь бодит байдалтай илүү ойр санагдана” гэж найруулагч Эндрю Стэнтон тайлбарлаж хэлсэн байна.
Ингэснээр киноны сэдэв зөвхөн хүүхдүүд төдийгүй, хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг багасгах гэж хичээдэг эцэг эхчүүдийн хувьд ч маш танил, эмзэг асуудлыг хөндөх нь тодорхой болов.
Тавдугаар ангиас юу хүлээх вэ?
“Тоглоомын түүх 5” нь өмнөх ангиудын адил инээд, догдлол, сэтгэл хөдөлгөм мөчүүдийг хадгалсан хэвээр байх ч, агуулгын хувьд илүү орчин үеийн, технологийн нөлөөг шүүмжилсэн өнгө аяс давамгайлах төлөвтэй байна.
Үзэгчид дараа жилээс Вуди, Базз болон тэдний нөхдийг хүүхдийн анхаарлыг булаасан дэлгэцүүдтэй өрсөлдөж, анхны хайртай тоглоомуудынхаа үнэ цэнийг сануулах гэж хэрхэн тэмцэж байгааг харах боломжтой болно. Цувралын фенүүдийн хувьд энэ анги нь зөвхөн дурсамж сэдрээсэн хөгжилтэй түүх биш, харин “технологийн эрин дэх хүүхэд нас” юу болж хувирсныг эргэцүүлэх нэг төрлийн зөөлөн дохио ч байж магадгүй юм.