“Squid Game” цувралаараа дэлхий дахинд танигдсан найруулагч Hwang Dong Hyuk шинэ киноныхоо бэлтгэлд оржээ. Түүний дараагийн бүтээл болох “K.O. Club” кинонд жүжигчин Lee Byung Hun гол дүр бүтээхээр болсон талаар киноны продакшн компани албан ёсоор мэдээлсэн байна.
Шинэ кино залуу насыг худалдан авч болох эсэх тухай хурц, сонирхолтой санааг хөндөх аж. Бүтээлд их хөрөнгө, эрх мэдэлтэй цөөн тооны чинээлэг өндөр настнууд болон тэдэнтэй адил боломжгүй залуу үеийнхний хоорондын сөргөлдөөн, ялгаа, тэмцлийг харуулах юм.
“K.O. Club” гэх нэр нь “Killing Oldmen Club” буюу “Хөгшчүүлийг хөнөөх клуб” гэсэн үгийн товчлол ажээ. Энэ нэр нь киноны гол санаа, үе хоорондын зөрчил, нийгмийн тэгш бус байдлыг илэрхийлэх хүчтэй элемент болж байна.
Тус бүтээл нь Hwang Dong Hyuk-ийн хувьд онцгой ач холбогдолтой. Учир нь тэрээр Lee Byung Hun-ий тоглосон “The Fortress: Namhansanseong” киноноос хойш 10 жилийн дараа дахин нэг ангит кино найруулж байгаа юм.
Кинонд Lee Byung Hun-оос гадна Oh Jung Se, Jo Yeo Jeong, Park Hae Soo, Kim Soo Jin нар оролцохоор болжээ. Ийм бүрэлдэхүүнтэйгээр “K.O. Club” нь нээлтээ хийхээсээ өмнө үзэгчдийн сонирхлыг татахуйц бүтээл болж байна.
Зураг авалтыг ирэх оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөжээ. “Squid Game”-ийн дараа Hwang Dong Hyuk ямар шинэ ертөнц бүтээх бол гэсэн хүлээлт улам нэмэгдэж байна.