Нүүр хуудас Кино“Хадам ээж” – Л.Таванбаярын зөөлөн хэр нь зөрүүд сондгой кино

“Хадам ээж” – Л.Таванбаярын зөөлөн хэр нь зөрүүд сондгой кино

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Зурагт хуудаснаас эхэлсэн асуулт

Ижийгээ нуруундаа үүрсэн энгийн нэг эр, ар талд нь нуурын мандал дээр шаргалтан жаргах нар. Зурагт хуудас ийм л энгийн. Гэхдээ яг тэр энгийн байдал дундаас нэг л нууцлаг, үгээр хэлэхэд хэцүү мэдрэмж салахгүй үлдэнэ. “Яг юуны тухай кино бол?” гэж асуухад хүргэх чимээгүй асуулт шиг.

Киноны үйл явдлыг энд дэлгэх нь зохимжгүй тул үзсэнийхээ дараа төрсөн бодол, мэдрэмжээ л хуваалцъя гэж шийдлээ.

Өгүүллэгээс эхтэй киноны замнал

“Хадам ээж” бол эх зохиолтой бүтээл. Яруу найрагч Х.Тэргэлийн ижил нэртэй өгүүллэгээс сэдэвлэж, кино зохиолыг Л.Таванбаяр өөрөө бичиж, найруулсан бол продюсероор Б.Баярсайхан ажиллажээ.

Кинонд яарахаасаа өмнө эх өгүүллэгийг нь уншъя гэж бодсон. Хэрвээ роман байсан бол магадгүй киног нь түрүүлж үзэх байсан ч богино өгүүллэг тул эхлээд уншчихсан. Өгүүллэгээ уншаад, дараа нь киног үзэхэд “юм бичнэ гэдэг, бас тэрийг дэлгэцийн хэл рүү хөрвүүлнэ гэдэг хоёр өөр том ертөнц” гэдэг нь улам тодорхой харагдсан. Ганц өгүүлбэрийг нь татаад 100 ангит цуврал болгох боломжтой ч, мянган хуудастай романыг ганцхан сцениор ч багтааж болно. Гол нь юуг нь авч, юуг нь орхих вэ гэдэг шийдвэр хамгийн хүнд.

Триллер сонирхдог найруулагчийн “сондгой” бүтээл

Л.Таванбаярын өөрийнх нь дотроос хамгийн ойр жанр бол триллер. Гэвч ямар ч уран бүтээлчийн намтарт “өөрийн өнгө”-нөөс нь арай өөр, хажуу өнцгөөс харсан, өөрийнх нь үгээр бол “сондгой” кино заавал нэг гарч ирдэг. Тэр өөрөө “Амьдрал төсөл бол миний өнцгийн илэрхийлэл биш, миний сондгой кино” гэж ярьж байсан.

Миний хувьд “Хадам ээж” яг л ийм сондгой кино. Таванбаярын нэрийг сонсоод төсөөлөх хурц, зөрчил дүүрэн хэллэгээс арай зөөлөн, арай нам дуугаар ярьж байгаа хэр нь гүн рүүгээ бол огт зөөлрөөгүй бүтээл. Мэдээж магадгүй би эндүүрч байж ч болно, гэхдээ үзэгчийн суудал дээрээс бол ингэж л харагдлаа.

Цахим сүлжээ, шүүмжлэл, магтаалыг тоодоггүй даржингүй зан

Түүний цахим хуудсан дээрх постууд зарим хүний амьдралдаа хэлж амжаагүй үгнээс ч илүү олон. Олон нийтийн сүлжээнд илэн далангүй байдаг учраас нэг хэсэг нь шүүмжилж, нөгөө хэсэг нь алга ташна. Харин тэр өөрөө энэ бүхнийг зохих хэмжээнээс нь хэтрүүлж хүлээж авдаггүй хүн. Энэ тухай бодоход өөрийн эрхгүй дараах шүлгийн мөр санаанд орно.

“Атаа хорсол намайг ирлэнэ

Аядуу магтаал намайг мохооно

Алийг нь ч тоохгүй толгой өндөр явсны учир

Амьдын хорвоо намайг дуртай дургүй ч дурсана”
/Б.Лхагвасүрэн/

Тэнгэрт одсон буурал найрагчийн энэ мөр өнөөгийн урлаг, сошиал ертөнцийн дүр зургийг яг онож хэлсэн мэт.

Танил мэдрэмжээр дүүрсэн өнөөгийн Монгол кино

Өнөөдрийн Монгол кинонд “үндсэн киноноосоо хаа хамаагүй, тэнэгхэн чамирхсан хэсэг” хэт их болсон гэж хэлбэл огт хэтрүүлэг болохгүй.

Ажлын цагаар албан өрөөндөө коньяк шимж суух дээрэнгүй босс, эргэн тойронд нь гараа урдаа зөрүүлсэн “Путины хамгаалагч” маягийн олон бахим эрчүүд, ор баар хоёрын хооронд л амьдардаг тачаангуй бүсгүйчүүд, сэтгэлийн гүнгүй, хөндий, хонгио үгээр өнгө дээгүүр чарлаж ярих залуус, инээлгэх нэрийдлээр бусдыг доромжлон уур баран марзганах архичид…

Дэлгэц дээр байнга давтагдсаар бараг “танил царай” болчихсон дүрүүд, байгаа биз?

“Хадам ээж” – хажуу хаалганы амьдралыг ярьсан кино

“Хадам ээж”-ийн гол уран бүтээлчид энэ хялбар замыг зориуд тойрч, амьдралыг нөгөө талаас нь ухахыг оролджээ. Гял цал бизнес, сүртэй мафи, хөөсөрсөн баячууд биш, харин яг хөрш айлд, хажуу хаалганд, эсвэл хамар хашаанд өрнөдөг энгийн амьдралыг л харуулна.

Энд бидний өдөр бүрийн амьдралд тохиолддог ч тэр бүр ярьж, бодож амжилгүй өнгөрөөдөг харилцаа, жижигхэн атлаа зүрх рүү шууд орж ирдэг гуниг, хайр, уучлал, гомдол, харамсал бүгд бий.

Уйлмаар атлаа дулаахан мэдрэмж

Киноны төгсгөл рүү ойртох тусам анивчих нүдний булан, гэнэт чимээгүй болоод бодолд дарагдах тэр мөч олонтоо. Миний хувьд сүүлд ийм мэдрэмжийг “Шар гэгээ” үзэхдээ авч байсан санагдана.

Б.Санчирын хөгжим сэтгэлийн гүнд нь яг таарсан өнгөөр эгшиглэж, өнгө аяс нь чимээгүйхэн нуугдаад байж байгаад гэнэт нэг хэсэгт хүчтэй хөдөлнө. Ч.Болд хөдөөд ховордоогүй, хотод ч ор тас алга болоогүй олон сайхан монгол эрчүүдийг төлөөлөх нэгэн дүрийг итгэл төрүүлтлээ гаргажээ. “Итгэл” гэдэг үгийг ганц хоёр удаагийн сайхан үг бус, өдөр тутмын үйлдлээрээ харуулдаг хүний төрхийг тэр сайн барьсан.

Хайр ухааруулдаг. Харамсал ч бас ухааруулдаг. Хүн алдаанаасаа ч, онооноосоо ч суралцаж л ухаан суугаад байна.

Бууж мордохдоо буурал аав минь

Инээж явдгийн учрыг олъё доо.

Дуулж суухдаа буянтай эжий минь

Уйлж байдгийн ухааныг танья даа.

Ухаарч амьдрах хорвоо гэж

Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ.
/Д.Дагвадорж/

Киноны талаар бодож суухдаа энэ шүлгийн мөрүүд өөрийн эрхгүй давтагдаж байлаа.

Зурагт хуудасны нар – мандаж байна уу, жаргаж байна уу?

Постерын зураг дээр нуурын мандал дээгүүр олон зуун алтан туяагаа шаржигнуулах нарны гэрэл харагдана. Эхний харцаар жаргаж байгаа нар шиг боловч, өөр өнцгөөс харвал шинэ өдрийн эхлэл ч байж мэднэ.

Магадгүй энэ киноны гол асуулт ч бас энэ байх: нэг юм дуусаж байна уу, эсвэл яг одоо нэг юм шинээр эхэлж байна уу? Би хувьдаа мандаж буй нар гэж итгэхийг хүсэж байна.

“Шувуун сүүдэр” ба Таванбаярын өгүүлж дуусаагүй өгүүлэмж

Л.Таванбаярын “Шувуун сүүдэр” гэдэг роман бий. Түүний эхлэлд:

– Эмээ, энэ шувууд хаачив?

– Эргэж ирнэ ээ, хүлээ…

– Ээж тэгвэл хаачив?

…Эмээ нь хариу юу ч хэлэлгүй хүүг орхин давааны оройгоос түрүүлэн уруудсан байдаг.

“Хадам ээж” киног үзэж суухад энэ эхлэл санаанд хэд хэд орж ирсэн. Магадгүй найруулагч П.Дэлгэрбаярын хэлэх байсан үгийг би урьдаас төсөөлөөд байна уу, эсвэл Таванбаярын ертөнцөд хүний дутуу асуулт, хариултгүй үлдсэн үгс, эргэж ирэхийг горьдсон шувууд дандаа чимээгүй нисэж байдаг болоод тэр үү, бүү мэд.

Гэхдээ нэг зүйл тодорхой. “Хадам ээж” бол олон чимэг, их сүртэй яриагүй атлаа тайзнаасаа буугаад ч удаан хугацаанд сэтгэл дотор үлдэх кино. Бусдын чимээгүй амьдралыг харсан үзэгч өөрийнхөө чимээгүй амьдралыг эргээд нэг бодох болдог кино.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх