Бага наснаасаа загварт дурлаж, ахлах сургуулийн сурагч байхдаа мэргэжлийн тайз руу хөл тавьсан тэрээр арав гаруй жилийн хугацаанд Монгол болон олон улсын олон тэмцээнд оролцжээ. Загвараас гадна бизнес, маркетингийн салбарт ажилладаг Б.Гүнзаяа амжилтын цаадах гэр бүлийн дэмжлэг, “Miss Universe”-ийн туршлага, гоо сайхны стандарт болон өөрийгөө бусадтай харьцуулах тухай байр сууриа хуваалцсан юм.
“Miss Universe”-ээс цааш оролцох тэмцээн надад үлдээгүй
— Та загварын салбарт анх хэрхэн орж байсан бэ?
— Багаасаа гоё, ганган хувцаслах дуртай, загварт маш их сонирхолтой хүүхэд байлаа. Ахлах ангид байхдаа “Монгол модель” агентлагийн анхан шатны сургалтад сууж, топ модель Д.Болормаа багшийнхаа шавь болсон. Тэр үеэс загвар өмсөгчийн ажлаа тасралтгүй хийж, Монгол болон олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцсоор ирсэн. Тайзан дээр алхаж эхлээд арав гаруй жил өнгөрчээ.
— Амжилтын ард гэр бүлийн дэмжлэг их байдаг. Танай гэр бүл таны ажлыг хэрхэн хүлээн авдаг вэ?
— Миний оролцсон тэмцээн болгонд өөрийн нэрээс минь өмнө Монгол Улсын нэр дуудагддаг. Энэ нь зөвхөн миний бус, гэр бүлийн маань хувьд ч маш том хариуцлага. Би гурван хүүхэдтэй айлын бага охин. Тэмцээнд явах бүрд ах маань өөрийнхөө ажлаас үл хамааран авч явах зүйлсийг минь бэлдэж өгдөг, эгч хувцсыг минь индүүдэж, янзалдаг. Бага байхаас минь эхлээд өнөөдрийг хүртэл гэр бүл, төрөл төрөгсөд маань бүх талаар дэмжиж ирсэн.
— Дэлхийн хэмжээний тайзнаа алхахад ямар мэдрэмж төрдөг вэ?
— Олон улсын тэмцээн бол зөвхөн өрсөлдөөн биш. Дэлхийн янз бүрийн орноос ирсэн авьяаслаг бүсгүйчүүдтэй танилцаж, тэднээс суралцах боломж байдаг. Би Нью-Йорк хотод хэсэг хугацаанд амьдарсан. Тэнд байхдаа Монголын залуус дэлхийн загварын чиг хандлагаас хоцроогүй, маш мэдрэмжтэй, загварлаг хувцасладаг гэдгийг илүү тод анзаарсан.
— Загварын ажлаас гадна юу хийдэг вэ?
— Одоогоор долоон компанийн маркетингийг хариуцан ажиллаж байна. Олон ажлыг зэрэг амжуулахын тулд хувийн зохион байгуулалт, хариуцлага, цагийн менежмент маш чухал. Эдгээр чанарыг багаасаа олон улсын тэмцээнүүдэд оролцож явахдаа өөртөө суулгасан гэж боддог.
— Та 17 настайдаа дэлхийн тайзнаа гарч байсан. Тэр үед ямар бодол төрж байв?
— Бүх зүйл цоо шинэ, гайхалтай санагдаж байсан. “Ийм ертөнц үнэхээр байдаг юм байна, энэ чинь миний мөрөөддөг байсан зүйл байна” гэж бодож байлаа.
— Цаашид дахин олон улсын гоо бүсгүйн тэмцээнд оролцох уу?
— Дэлхийн гоо сайхны олимп гэж нэрлэгддэг “Miss Universe”-т оролцсон. Аливаа зүйл хязгаартай. Миний хувьд тэр тэмцээнээс цааш оролцох тэмцээн үлдээгүй гэж боддог. Би олон жилийн өмнөөс хэдэн нас хүртлээ тэмцээнд оролцох, түүнээс хойш хувийн амьдрал, боловсролдоо хэрхэн анхаарахаа төлөвлөсөн байсан. Гэхдээ загварын салбараас хэзээ ч явахгүй. Нас ахисан ч тайзан дээр алхсаар байхыг хүсдэг.
“Өөрийнхөө дахин давтагдашгүй чанарыг олох хэрэгтэй”
— “Miss Universe”-т өмссөн үндэсний хувцас тань ихээхэн анхаарал татсан. Тэр бүтээлийн талаар яривал?
— Тухайн хувцсыг “Star Wars” кинонд гардаг монгол хатны дүрийн хэв маягаас санаа авч, 100 хувь гар аргаар урласан. “Miss Universe”-ийн дараа Америк, Япон, Хятад зэрэг орноос худалдаж авах, дуудлага худалдаанд оруулах санал ирж байсан. Хийхэд 20 сая төгрөг зарцуулсан. Гэхдээ миний хувьд зарахын оронд хойч үедээ өвлүүлэн үлдээх нь илүү үнэ цэнтэй санагддаг.
— Эмэгтэйчүүд өөрийгөө бусадтай харьцуулж, сэтгэлээр унах үе цөөнгүй. Танд энэ тал дээр ямар зөвлөгөө байдаг вэ?
— Чи энэ долоон тэрбум хүнээс юугаараа ялгаатай, дахин давтагдашгүй юм бэ гэдгээ л олох ёстой. Тэрнээс биеийн өндөр, царай зүс огт хамаагүй юм. Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй зүйл. Тэр хэмжүүр ч цаг хугацаа өнгөрөх бүрд өөрчлөгдөж байдаг. Үүний оронд мэдлэг боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, өөрөө өөрийнхөө хамгийн төгс амьдралыг бүтээж яваарай гэж л зөвлөнө.
Б.Гүнзаяагийн хувьд загварын тайз зөвхөн гоо үзэсгэлэнгээр хэмжигдэх орон зай биш. Түүний ярианаас харахад боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүйн тэнцвэр, өөрийн онцлогийг танин мэдэх нь хүний үнэ цэнийг тодорхойлох илүү чухал зүйл гэж үздэг байна.
Тэрээр олон улсын тэмцээнүүдэд оролцох үеэ дуусгасан гэж үзэж байгаа ч загварын салбарт идэвхтэй хэвээр үлдэж, нас ахисан ч тайзан дээр алхсаар байх хүсэлтэй гэдгээ онцолжээ.
Эх сурвалж: ergelt.mn