Бямба, 10 сар 17, 2026
Нүүр хуудас Нийгэм ба ярилцлагаЭмэгтэйчүүд онцгой урт насалдаг тосгоныг эрдэмтэд илрүүлжээ

Эмэгтэйчүүд онцгой урт насалдаг тосгоныг эрдэмтэд илрүүлжээ

0 сэтгэгдэлүүд

Эрдэмтэд Сардинийн уулархаг нутагт орших нэгэн жижиг суурингийн эмэгтэйчүүд онцгой урт насалдгийг тогтоожээ.

Ойролцоогоор 20 жилийн өмнө Италийн Сардини арал дээр эрдэмтэд түүхэнд анх удаа “цэнхэр бүс” хэмээн нэрлэдэг, хүмүүс нь онцгой урт насалдгаараа ялгардаг газар нутгийг илрүүлсэн юм. Харин шинэ судалгаагаар дэлхийн анхны “цэнхэр бүс”-ээс баруун тийш 110 км зайд орших Болотана хэмээх жижиг сууринд үүнтэй төстэй үзэгдэл ажиглагджээ гэж Science Alert мэдээлэв.

Frontiers in Aging сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанд Болотанагийн эмэгтэйчүүдийн дундаж наслалт онцгой өндөр болохыг харуулсан баримтуудыг танилцуулжээ.

Судлаачид 2021 болон 2025 оны хүн ам зүйн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Үр дүнгээр Болотанад амьдардаг 70 настай эмэгтэй дунджаар дахин 20.85 жил наслах төлөвтэй байжээ.

Харьцуулбал, Болотана байрладаг Нуоро мужид энэ үзүүлэлт 18.61 жил, Сардини арал даяар 18.4 жил, Италийн хэмжээнд 18.06 жил байна. Үүнээс ч илүү анхаарал татах үзүүлэлт нь Болотанагийн 70 настай эмэгтэй 100 нас хүрэх магадлал 13.83% байгаа явдал юм. Бусад бүсэд энэ магадлал мэдэгдэхүйц бага байна. Тухайлбал, Нуоро мужид 4.33%, Сардинид 4.43%, Италийн хэмжээнд 3.54% байжээ.

Иллинойсын их сургуулийн эпидемиологич Жей Ольшанскийн хэлснээр, Болотанагийн эмэгтэйчүүд дэлхийн хамгийн урт насалдаг эмэгтэй хүн амын бүлэг байж магадгүй бөгөөд ядаж л хамгийн өндөр үзүүлэлттэй бүлгүүдийн нэг болох нь тодорхой аж.

Судалгааны зохиогчид 70 наснаас хойших дундаж наслалт болон 100 нас хүрэх магадлалаараа Болотанагийн эмэгтэйчүүд дэлхийд тэргүүлэх түвшинд байгааг онцолжээ. Эдгээр үзүүлэлтээр тэд зөвхөн Хонконгийн эмэгтэйчүүдийн дараа орж байна.

Болотанагийн эмэгтэйчүүд яагаад ийм урт насалдгийг эрдэмтэд одоогоор тодорхой мэдэхгүй байна. Гэхдээ цаашдын судалгаагаар үүний шалтгааныг тогтооно гэж найдаж байгаа аж.

Хэрэв онцгой урт наслалтад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж чадвал бусад хүмүүс ч тэдгээрээс суралцах боломжтой. Ингэснээр “цэнхэр бүс”-ийн оршин суугчдын амьдралын хэв маяг, үнэт зүйлсийг ойлгох нь дэлхийн бусад хүмүүст ч ач холбогдолтой байж болох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх