Супермодель Cindy Crawford болон Rande Gerber нарын цорын ганц хүү, Kaia Gerber-ийн ах Presley Gerber 27 насандаа нас барсан талаар TMZ мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Presley Gerber ням гарагт Los Angeles дахь нөхөн сэргээх төвд байхдаа нас барсан байна. Түүний үхлийн албан ёсны шалтгааныг одоогоор зарлаагүй байгаа ч гэр бүлийн төлөөлөгч энэ мэдээллийг баталжээ.
Гэр бүлийн мэдэгдэлд:
“Энэ маш хүнд, өвдөлттэй үед гэр бүлийн хувийн орон зайг хүндэтгэхийг хүсэж байна”
хэмээн дурдсан байна.
Cindy Crawford-ийн анхны хүүхэд
Presley Gerber 1999 онд төрсөн бөгөөд Cindy Crawford, Rande Gerber нарын анхны хүүхэд юм. Хос түүнийг төрөхөөс нэг жилийн өмнө буюу 1998 онд гэрлэжээ.
2001 онд түүний дүү Kaia Gerber мэндэлсэн бөгөөд өдгөө загвар өмсөгч, жүжигчнээр ажиллаж байна.
Presley өсвөр наснаасаа загварын салбарт орж, мөн гэрэл зураг сонирхдог байжээ. Тэрээр IMG Models агентлагтай хамтран ажиллаж, Calvin Klein, Dolce & Gabbana, Tommy Hilfiger, Moschino зэрэг олон улсын брэндийн загварын шоу, сурталчилгаанд оролцсон байна.
Сүүлийн жилүүдэд загварын салбараас хөндийрсөн
Сүүлийн жилүүдэд Presley Gerber өмнөх шигээ загварын зураг авалт болон тайзны шоунд тогтмол оролцохоо больсон байна.
Тэрээр сошиал хуудсаараа сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, сэтгэл гутрал болон мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой бэрхшээлийн талаар нээлттэй ярьж байсан аж.
2020 онд тэрээр нүүрэндээ “Misunderstood” буюу “Буруугаар ойлгогдсон” гэсэн шивээс хийлгэсэн ч дараа нь арилгуулжээ.
Presley 2023 онд “Studio 22” подкастад оролцохдоо:
“Би өөрөө сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, сэтгэл гутрал болон түүнтэй холбоотой бусад бэрхшээлтэй тулгарч байсан. Хэрэв би ганц хүн ч бай, эсвэл зуун хүнийг ч бай, өөрийнхөө нэгэн цагт байсан тэр хүнд байдлаас гарахад нь тусалж чадвал надад түүнээс өөр зүйл хэрэггүй”
хэмээн ярьсан байна.

Гэр бүлийнхэнтэйгээ сүүлд Vuori-ийн сурталчилгаанд оролцжээ
Өнгөрсөн жил Presley Gerber гэр бүлийнхэнтэйгээ хамт Vuori брэндийн сурталчилгааны зураг авалтад оролцсон байна.
Тэрээр Cindy Crawford болон бусад гэр бүлийн гишүүдийн хамт кампанит ажлын хүрээнд зураг авахуулжээ.
2019 онд согтуугаар жолоо барьсан хэрэгт холбогдож байв
2019 онд Presley Gerber согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон хэргээр баривчлагдаж байжээ.
Үүний дараа түүнд гурван жилийн тэнсэн харгалзах ял оноож, согтуугаар жолоо барьсан хүмүүст зориулсан нөхөн сэргээх сургалтад хамрагдах, мөн хоёр өдөр олон нийтийн ажил хийх шийдвэр гаргасан байна.
Cindy Crawford хэдхэн сарын өмнө хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэж байжээ
Энэ оны долоодугаар сард Presley Gerber 27 нас хүрсэн бөгөөд 60 настай Cindy Crawford хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэн сошиал хуудсандаа архивын зургууд нийтэлж байсан юм.
Тэрээр:
“Төрсөн өдрийн мэнд хүргэе, Presley. Чиний ямар хүн болж өссөнөөр би маш их бахархдаг. Гэхдээ миний хувьд чи үргэлж миний бяцхан хүү хэвээрээ байх болно. Чамдаа хайртай”
хэмээн бичиж байжээ.
Одоо уг нийтлэлийн доор олон хэрэглэгч Cindy Crawford болон түүний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн сэтгэгдэл үлдээж байна.