2025 оны арваннэгдүгээр сарын 13-нд Мерил Стрип, Анн Хэтэуэй нарын тоглосон домогт “The Devil Wears Prada” киноны удаан хүлээлгэсэн хоёрдугаар ангийн албан ёсны трэйлер цацагдаж, сошиал орчин, кино сонирхогчдын дунд жинхэнэ шуугиан дэгдээгээд байна.
326 сая ам.долларын амжилтаас үргэлжилсэн түүх
Анх 2006 онд үзэгчдийн хүртээл болсон, Лорен Вайсбергерийн ижил нэрт романд тулгуурлан бүтсэн “The Devil Wears Prada” дэлхий даяар 326 сая ам.долларын орлого олж, загвар, карьер, эрх мэдлийн тухай шог хошин, хурц хэллэгтэй киноны нэгээр түүхэнд үлдсэн.
Олон жил фэнүүдийн хүсэл, цуурхлын бай болсон үргэлжлэл нь эцэст нь бодит болж, шинэ анги ирэх зун дэлгэцнээ гарч эхлэхээр товлогджээ.
Танил дүрүүд, шинэ харилцаа, шинэ зөрчил
Шинэ ангид Эмили Блант, Стэнли Туччи нар анхны ангийнхаа дүрүүдэд дахин хувирч, Мирандагийн талд ч, эсрэг талд ч байж мэдэх сонирхолтой динамикийг дахин авчирна. Харин Кеннет Брана Миранда Пристлийн шинэ нөхрийн дүрээр нэгдэж, түүний хувийн амьдрал, эрх мэдлийн орчны хоорондын зөрчлийг илүү гүнзгий харуулах юм байна.
Энэ удаа Миранда Пристли хэвлэл мэдээллийн салбарын огцом уналт, дижитал шилжилтийн дарамттай нүүр тулна. Тэрээр өөрийн хуучин туслах, одоо тансаг зэрэглэлийн брэндийн сурталчилгааны гол шийдвэр гаргагч болсон Эмилитэй хамтран ажиллахаас өөр сонголтгүй болж, эрх мэдэл, ашиг сонирхол, хуучин тооцоо бодолцсон адармаатай нөхцөл байдал өрнөх ажээ.
Бруклинээс Милан хүртэлх зураг авалтын халуун цэгүүд
“Чөтгөр Прада өмсдөг 2”-ын зураг авалт аль хэдийн папарацци, шүтэн бишрэгчдийн гол бай болжээ. Бруклиний гудамжнаас эхлээд Миланы загварын төвүүд хүртэлх байршлуудад зураг авалт үргэлжилж, фэнүүд дүрүүдийн шинэ төрх, хувцаслалтыг зураг бүрээс “ангаж” байна.
Хуримтлагдсан премьерүүдийн зун
Энэхүү бүтээл нээлтээ хийхтэй зэрэгцэн томоохон хэд хэдэн франчайз шинэ ангиудаа үзэгчдэд хүргэхээр товложээ. “Scary Movie 6”, “Toy Story 5”, “Minions 3” болон “Spider-Man”-ы шинэ анги зэрэг том нээлтүүд нэг зун давхцаж, кино театруудын өрсөлдөөн, үзэгчдийн сонголтыг урьд өмнөхөөс ч сонирхолтой болгох нь гарцаагүй.