CS2 төрлийн хамгийн том тэмцээнүүдийн нэг болох Мэйжорт оролцох эрхийн төлөөх өрсөлдөөн Азийн бүсэд улам ширүүсэж байна. Ирэх сарын эхээр VRS чансааны оноонд үндэслэн Сингапурын Мэйжорт оролцох Ази, Европ, Америкийн багууд эцэслэн тодрох юм.
Өмнө нь Мэйжорын эрхийн төлөө тусгай сонгон шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд VRS чансааны оноо шийдвэрлэх гол үзүүлэлт болсон. Иймээс тэмцээн бүрийн үр дүн, тоглолт бүрийн хожил, хожигдол багуудын эрх авах боломжид шууд нөлөөлж байна.
Ялангуяа Мэйжорын урилга тараах хугацаа ойртсон энэ үед нэг тоглолтын үр дүн ч чансаанд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулах боломжтой болжээ.
Азийн бүсэд өрсөлдөөн улам ширүүсэв
Одоогийн байдлаар BC.Game баг Мэйжорын эрхээ авахад хамгийн ойр байгаа бол Австралийн FlyQuest дотоодын гурван тэмцээндээ амжилттай оролцвол эрхээ баталгаажуулах боломжтой байна.
Харин Монголд болсон MPS Fall тэмцээний дараа Азийн бүсийн өрсөлдөөнд шинэ өөрчлөлт оржээ.
Chinggis Warriors тус тэмцээнд түрүүлснээр VRS оноогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлж, Мэйжорын эрхийн төлөөх өрсөлдөөнд байр сууриа сайжруулсан байна.
Харин 5Star eSports финалын чухал тоглолтод хожигдсоноор эрх авах боломж нь илүү төвөгтэй болсон аж.
MESA мөн Мэйжорын эрх тодрохоос өмнө Монголд дахин тэмцээн зохион байгуулж, дотоодын багуудад VRS оноо авах боломж олгохоор болсон байна. Тус тэмцээний үр дүн Монголын багуудын чансаанд чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
The MongolZ-ийн тоглолт бүр чухал болжээ
Chinggis Warriors оноогоо нэмэгдүүлснээр TYLOO болон The MongolZ-ийн байрлалд дарамт нэмэгдсэн байна.
Хэрэв TYLOO болон The MongolZ багууд Бухарестэд болох PGL тэмцээнд 0:3 гэсэн амжилттай буюу гурван тоглолт дараалан хожигдвол VRS оноо нь буурч, Сингапурын Мэйжорын эрхийн бүсээс гарах эрсдэл үүснэ.
Гэхдээ The MongolZ-ийн нөхцөл TYLOO-оос арай боломжтой хэвээр байна. Учир нь тэд PGL Bucharest-ээс өмнө 1win Private Club Season 2 тэмцээнд оролцох хуваарьтай.
Энэ тэмцээн нь The MongolZ-д нэмэлт оноо авах боломж олгох ч эсрэгээрээ амжилтгүй тоглолт бүр VRS үзүүлэлтийг нь бууруулж болзошгүй.
Тиймээс Сингапурын Мэйжорын эрх эцэслэн шийдэгдэхээс өмнөх The MongolZ-ийн тоглолт бүр онцгой ач холбогдолтой болж байна.
Багийн хувьд одоогоор гол зорилго нь VRS чансааны байрлалаа хадгалж, үлдсэн тэмцээнүүдээс аль болох олон хожил авах явдал юм.
The MongolZ мөн энэ оны гурав дахь bootcamp бэлтгэлээ хийхээр Серби улсыг зорьжээ. Мэйжорын эрх шийдэгдэх чухал үеийн өмнө энэхүү бэлтгэл тэдний тоглолтын формд чухал нөлөө үзүүлэх боломжтой байна.
Мөн The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгаа бөгөөд тус брэнд багийн олон улсын тэмцээнүүд, бэлтгэл болон гадаад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна. Мэйжорын эрхийн төлөөх шийдвэрлэх үе шатанд багийн тогтвортой бэлтгэл, олон улсын тэмцээнд тогтмол оролцох нөхцөлд ивээн тэтгэгчийн дэмжлэг чухал хэвээр байна.
2 сэтгэгдэлүүд
Чансааны оноо тооцох шинэ систем нь их хатуу бөгөөд эрсдэлтэй юм аа
Бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаад дараагийн тоглолтууддаа заавал хожоорой